“Turkish Airlines” компани “Boeing”-оос 225 онгоц худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-26 16:49:33

АНКАРА, 2025 оны есдүгээр сарын 26 /AP/. Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч Turkish Airlines компани Америкийн “Boeing компаниас 225 нисэх онгоц худалдаж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.   


Истанбулын хөрөнгийн биржид баасан гарагт хүргүүлсэн мэдэгдэлдээ тус компани 75 ширхэг B787-9, B787-10 онгоц худалдаж авахаар шийдвэрлэсэн ба 150 ширхэг 737-8/10MAX загварыг авахаар Boeing-тэй хэлэлцээ хийж дууссан гэдгээ дурдсан байна.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсанаас нэг хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ.


Turkish Airlines компанид B787-9, B787-10 загварын 75 онгоцыг 2029-2034 оны хооронд нийлүүлэх ажээ. Эдгээр онгоц нь олон улсын аялалд зориулагдсан, түлшний хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий онгоц юм гэж тус компани мэдэгдсэн байна.


Туркийн агаарын тээврийн компани мөн Rolls-Royce болон GE Aerospace компаниудтай онгоцны хөдөлгүүр, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ авах талаар хэлэлцээр хийж байгааг уг мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн “Turkish Airlines” компани Boeingой 150 ширхэг 737-8/10MAX онгоц худалдан авах хэлэлцээ хийсэн бөгөөд хөдөлгүүр нийлүүлэгч CFM International” компанитай хэлэлцээгээ дуусгасны дараа захиалгаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.


Turkish Airlines бол дэлхийн хамгийн том нислэгийн сүлжээнүүдийн нэг юм.


Пүрэв гарагт Д.Трамп "АНУ удахгүй НАТО-гийн холбоотон Туркт орчин үеийн сөнөөгч онгоц худалдахад тавьсан хоригийг цуцалж магадгүй" гэж хэлсэн байна. Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Туркийн тал Орост үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах системийг худалдаж авсны дараа 2019 онд АНУ Туркийн эсрэг хориг тавьж байв.

 


Связанные новости