Lufthansa групп 4000 ажилтнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-09-30 16:26:36

БЕРЛИН, 2025 оны есдүгээр сарын 30 /DW/. Германы үндэсний агаарын тээврийн Lufthansa групп 2030 он гэхэд захиргааны 4000 ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлснийг тус групп даваа гарагт баталжээ.


Тус групп өөрийн эзэмшлийн агаарын тээврийн компаниуддаа хиймэл оюун ухаан, дижиталчлалыг ашиглаж, үр ашгийг нь дээшлүүлнэ гэж мэдэгдсэн байна.


Германы томоохон компани болох Bosch хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотойгоор 13 мянган ажлын байраа хэсэгчлэн цомхотгоно гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ.


Lufthansa цомхотголын талаар юу гэж мэдэгдсэн бэ?

Lufthansа” групп цаашид үйл ажиллагааны давхардал байгаа эсэхийг судалж байна гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна. Ялангуяа дижиталчлал, хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлснээр бий болсон гүн гүнзгий өөрчлөлтүүд нь олон салбарын үр ашгийг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдгийг онцолжээ.


Lufthansa групп нь SWISS, Austrian, Brussels Airlines” болон хямд өртөгтэй Eurowings агаарын тээврийн компанийн үйл ажиллагааг хариуцдаг. Мөн хамгийн сүүлийн мэдээллээр 103 мянга орчим ажилтантай байсан Италийн ITA компанийн цөөнхийн хувьцааг эзэмшдэг байна. Тус групп захиргааны ажлын байрыг цомхотгоход гол анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэний сацуу ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврийн компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөтэй байгаагаа дурджээ.


Lufthansa-гийн оффисын ажилтнуудыг төлөөлдөг Германы Verdi үйлдвэрчний эвлэл нисэх онгоцны буудлын төлбөрөөс эхлээд байгаль орчны шинэ дүрэм журам зэргээс шалтгаалан агаарын тээврийн зардал нэмэгдэж байгааг шүүмжлээд “томоохон цомхотгол”-ыг эсэргүүцэхээ мэдэгдсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Марвин Ресчинский хэлэхдээ, Герман, Европын агаарын тээврийн бодлого нь энэхүү шийдвэрийг гаргахад ихээхэн нөлөөлснийг онцлоод, тус салбарыг дэмжихийг холбооны засгийн газарт уриалжээ.


Covid-19” цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын өсөлтийн үед Lufthansa” групп багагүй ашигтай ажиллаж байсан боловч 2024 онд ажил хаялт, үйл ажиллагааны зардал өссөн зэрэг асуудалтай тулгарсан байна.

 


Связанные новости