Ирэх оны төсвийн төсөлд 579 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-01 14:02:32

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын 2025 оны долоодугаар сарын 25-ны “Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавраар үүрэг болгосны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж, хууль, журамд нийцүүлэн шуурхай зохион байгуулах төлөвлөгөөг Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.


Танилцуулгатай холбогдуулан 2026 оны төсвийн тухай хуулиар санхүүжүүлэх шинээр эхлэх төсөл хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг төлөвлөгөөний дагуу шуурхай зохион байгуулж, ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.  УИХ-д өргөн мэдүүлсэн ирэх оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 430, нийт 579 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгажээ. 


Засгийн газрын баталсан жагсаалтын дагуу төсвийн ерөнхийлөн захирагч тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо, техникийн тодорхойлолт, ажлын даалгавар болон бусад шаардлагатай баримт материалыг Төрийн худалдан авах ажиллагааны газар батлагдсан даруй хүргүүлснээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах боломжтой болох юм. 


Связанные новости