Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахим шилжилт, олон улсын худалдаа, харилцаанд гарч буй өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж буй орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ гэлээ.
Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэлүүдээс шалтгаалж, олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцоо хурдацтай хувьсан өөрчлөгдөж, бодлогын шинэ сорилтуудтай дэлхий нийтээр тулгарсаар байна. Иймд бодлогын “Нэгдсэн тогтолцоог” бүрдүүлэх хүрээнд төв банк макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогын харилцан уялдааг хангаж, макро-санхүүгийн харилцан нөлөө болон санхүүгийн системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ. Энэхүү төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлсэн 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлсэн хэмээн танилцууллаа.
Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, үнэлгээний дүнд үндэслэн хууль, журамд шаардлагатай өөрчлөлт оруулах, зохицуулалтыг тодорхой болгох зэрэг арга хэмжээ авахаар төсөлд тусгажээ.
Монголбанк нь Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг жил бүрийн аравдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барих хуулийн зохицуулалттай юм.