212 өрхийн гэр, 81 айлын байшин дулаалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр болсон билээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн зөвхөн XI хороонд л гэхэд 287 байшин, 187 гэр дулаалахаар төлөвлөсөн байна. Харин дүүргийн хэмжээнд нийт 360 гэр, 512 байшинг дулаалахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 212 гэр, 81 байшинг дулаалжээ.
БГД-ийн менежер Ж.Баатар “Байшин, гэр дулаалгын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү ажлыг 12 аж ахуй нэгж гүйцэтгэж байна. Монгол болон Хятад улсад үйлдвэрлэсэн дулаалгын хөөсийг ашиглаж байгаа бөгөөд хөөсний зузаан 10 см. Хана дулаалгын араас дээврээ дулаална. 10х8 харьцаатай байшинг хагас өдөрт дулаалдаг” гэлээ.
Энэ ажлын хүрээнд
аравдугаар сард багтаан 5000 айлын гэр, байшинг дулаалж дуусгах бол ирэх
арваннэгдүгээр сараас хийн холболтоо хийх аж. Гэр, байшинг хийн халаагуурт
шилжүүлснээр 10х8 харьцаатай байшинг 5-6 минутад, монгол гэрийг
3-4 минутад халаана гэж тооцоолжээ. Тэгвэл
хий түгээх 22 цэг ажиллах бөгөөд цэнэглэхэд иргэд 2-3
минут л зарцуулах юм байна. Үйл ажиллагаа
хэрхэн явж байгааг иргэд гар утсаараа хянах боломжтойг
албаныхан онцлоод 2025 оны тавдугаар сарын 15-ныг дуустал хийн халаагуур
хэрэглэсэн бол 900 мянган төгрөгийн урамшуулал олгох аж.