Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын Асуулгын цагт оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдааны шинэ дэгээр зохион байгуулсан УИХ-ын асуулгын цагт Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу өрнөж буй УИХ-ын асуулгын цагаар парламентын түүхэнд анх удаа мэтгэлцээн зохион байгуулсныг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн асуултаар Асуулгын цаг эхэллээ. Тэрбээр, шинэ Засгийн газрын 100 хоног тохиож байгаагаас гадна улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлж буй цаг үетэй таарч байна гээд эдийн засгийн бүтцийн хувьд энэ удаагийн төсвийн онцлогийн талаар тодруулав. Түүний дараа УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Эрдэнэболд, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Ж.Баярмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Анар, Д.Энхтүвшин, Х.Баасанжаргал, Г.Лувсанжамц, П.Ганзориг, О.Батнайрамдал нар асуулт асуулаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулахдаа парламент бол мэтгэлцээний танхим байх ёстой гэдэг агуулгыг
оруулсан. Өнөөдөр парламентын түүхэнд анх удаа мэтгэлцээний
зарчмаар асуудлыг хэлэлцэх гэж байгаад баяртай байна гэлээ. Түүний
хариултуудыг тоймлон хүргэж байна.
-Засгийн газрын 100 дахь хоног өнөөдөр тохиож байна.
Энэ хугацаанд эдийн засгийн өсөлтийг
5,7 хувьд хүргэж, гадаад валютын нөөцийг 5,7 тэрбум ам.доллар болгож
нэмэгдүүллээ. Долоодугаар сард 570 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан төсвийг 50
тэрбум төгрөг болголоо.
-Авлигатай тэмцэнэ гэдэг уриа лоозон биш. Бид бодит ажил
эхлүүлсэн. Төсвийн авлига, хулгайтай тэмцэхэд хиймэл оюун ухаан ашиглаж
эхэллээ. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааг хүн биш хиймэл
оюун ухааныг ашиглаж хийж байна. Үүнийг төрийн бүх шатны байгууллагад
нэвтрүүлнэ.
-НӨАТ-ын буцаан олголтыг 2-5 хувь болж нэмэгдүүлэх
замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна. Тухайлбал, НӨАТ-ын буцаан
олголтоор 4 ам бүлтэй айл жилдээ 2,5 сая төгрөг буцааж авна гэсэн үг.
-Ирээдүй өв сангийн хуулийн заалтаар энэ санд буй хөрөнгийг
гадаадын банкинд байршуулна гэж заасныг засах хэрэгтэй. Дотооддоо
6 хувийн хүүтэй байршуулж, одоо цагийнханд үр өгөөжөө өгдөг байхаар
Үндсэн хуульд тусгасан.
-Ирээдүйн өв сангийн хөрөнгийг ирээдүй хойчдоо үржүүлэн үлдээхээс гадна өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хөрөнгө болгох хэрэгтэй. Нэн тэргүүнд Үндэсний орон сууцжуулах хөтөлбөр боловсруулан, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна гэлээ.