ХОВД: Их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг сурталчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. "Утга зохиолын долоо хоног" аяны хүрээнд уран бүтээлч болон уншигчдыг холбох олон ажил Ховд аймагт өрнөж байна.
Тодруулбал, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн "Миний нутаг" шүлгийг уншиж, цахим хэлбэрээр иргэдэд түгээж байна.
Үүнээс гадна энэ сарын 24-нд зохиолчдыг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үeэр их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлүүдийг танилцуулж, сурталчлах зорилго бүхий тоглолт хийлээ.
Ингэхдээ тус зохиолчийн уран бүтээлийн дээжсийг шүлэг, дуурь, дуу, бүжиг, хөөмийтэй хосолсон байдлаар үзүүлсэн нь иргэдэд сонирхолтой байв.
Мөн түүх, хайр, эх орон, ардын соёл, уламжлал зэргийг тодорхой дүрүүдээр дамжуулан таниулахыг зорьсон нь онцлог юм.
Түүнчлэн багш, судлаачид "Учиртай гурван толгой жүжиг ба дуурийн уламжлал шинэчлэл", "Их зохиолч Д.Нацагдоржийн намтар уран бүтээл" сэдвээр илтгэл танилцууллаа.
Харин өнөөдөр "Яруу найрагтай өдөр" сэдвийн хүрээнд өдөрлөг, уулзалт болно.
Үргэлжлүүлэн энэ сарын 27-нд уран бүтээлчдийн уулзалт, сургалт зохион байгуулах бөгөөд зохиогчийн эрх, оюуны өмчийн талаар мэдээлэл танилцуулахаар төлөвлөжээ.
Энэ нь иргэд, өсвөр, залуу үеийнхэнд яруу найраг, утга зохиолын үнэ цэнийг таниулах, түгээн сурталчлахад чухал ач холбогдолтой юм.
Дээрх үйл ажиллагааг зохион байгуулахад Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Нийтийн номын сан, Хөгжимт драмын театр, Зохиолчдын эвлэл хамтран ажиллаж буй.