НҮБ-ын төсвийг хэлэлцэж дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-18 10:07:23

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 18 /Kazinform/. НҮБ-ын ирэх оны төсвийг хянан хэлэлцэж дуусжээ. Төсвийн төсөлд 500 сая ам.доллараас давсан зардлыг танах зэрэг саналуудыг тусгасан байна. Мөн байгууллагын 80 жилийн ойд зориулан гаргасан Ерөнхий нарийн бичгийн даргын “НҮБ-80” санаачилгын эхний арга хэмжээнүүдийг танилцуулжээ. 


НҮБ-ын захиргаа, төсвийн асуудал эрхэлсэн Зөвлөлдөх хороонд танилцуулсан шинэчилсэн тооцоогоор 2025 оны төсөвтэй харьцуулахад зардлыг 15.1 хувиар, байнгын орон тоог 18.8 хувиар цомхотгохоор төлөвлөж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих төсвийг мөн танахаар тусгажээ. 


Ерөнхий Ассамблейд зөвлөдөг хороо энэхүү саналыг хэлэлцээд зөвлөмжөө Ассамблейн Санхүү, захиргааны асуудал хариуцдаг Тавдугаар хороонд шилжүүлэх ажээ. Захиргаа, төсөвтэй холбоотой тус хорооны шийдвэрийг гаргахад НҮБ-ын бүх 193 гишүүн улс оролцдог. 


Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш гишүүн улсуудад илгээсэн захидалдаа, нөөцийг хэрхэн хуваарилахыг бүх талаар судалсны үндсэн дээр зардлыг танах шийдвэрийг гаргасан гэдгийг онцолсон байна. Мөн НҮБ-ын Дүрмийн гурван үндсэн тулгуур багана болох энх тайван ба аюулгүй байдал, хүний эрх, тогтвортой хөгжлийг дэмжих тэнцвэрийг хадгалсан ба зардлыг танахдаа үүнийг сайтар тооцоолсон гэж дурджээ.


Буурай хөгжилтэй, далайд гарцгүй, арлын жижиг орнуудыг шууд дэмжих хөтөлбөр, үйл ажиллагаа, мөн Африкийн хөгжлийн санаачилгуудын санхүүжилтийг танаагүй байна. Энх тайвныг цогцлоох сан болон Суурин зохицуулагчийн газруудыг дэмжсэн хэвээр байна. Бүс нутгийн эдийн засгийн хороодод томоохон өөрчлөлт гарахгүй бөгөөд техникийн хамтын ажиллагааны байнгын хөтөлбөр цаашид өргөжин тэлж, улс орны хөгжилд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлнэ.


Шинэчилсэн төсөвт НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрыг шинэчлэх анхны саналууд багтжээ. Үүнд Нью-Йорк болон Бангкокт шинэ захиргааны төвүүд байгуулах, цалингийн санг нэгтгэх, мөн зарим үйл ажиллагааг өртөг ихтэй байршлуудаас (Нью-Йорк, Женев) хэмнэлттэй байршлуудад шилжүүлэх зэрэг арга хэмжээ багтсан байна.


Связанные новости