Ганга нуурыг бохирдож ширгэхээс хамгаалан урсцыг сайжруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуурын ус болон намгархаг газрыг байгалийн аясаар сэргээхээр “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсцыг сайжруулах” төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлж байна.
Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээлснээр Ганга нуурыг бохирдож ширгэхээс хамгаалах, урсцыг сайжруулахаар нуурын тэжээлийн "Баян булаг"-ийн эхийг хашиж хамгаалах, Оргихын булгаас Ганга нуур луу явах 300 метр урт, 1.5 метр өргөн эко хавтан ашиглан явган хүний зам тавьж байна. Тохижуулах талбайд 4x5 хэмжээтэй сүүдрэвч, сандал байрлуулжээ.
Цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилд ширгэдэг болоод байгаа Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000 метр урт 11 эгнээ талбайн модыг нөхөж тарих юм. Ингэхдээ хатсан моддыг сугалан авч, ирэх сарын 15-наас эхлэн хайлаас, бургасны 2-3 настай
суулгац гэхчлэн 8993 мод тарихаар бэлджээ.
Ганга нуурын хойд хэсэгт шланк татаж, модны
тоогоор дуслын усалгааны систем холбон, модны усалгааг системжүүлж, усалгааны
давтамж, цагийн менежмент хийж, ажлын ачааллыг багасгахаар угсарчээ.
Хээр тал, говийн заагт орших, ус намаг, элсэн манхан, хуурай хээр хосолсон өвөрмөц тогтоц бүхий Ганга нуур нь давстай бөгөөд ойр орчмын намгархаг газарт цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувууд чуулж үрждэг.
Ойр орчимд нь Дуут, Сүмтийн,
Эрдэнэ, Холбоо, Зүүн Холбоо, Цагаан, Хосмогт, Улаан (ширгэсэн), Зэгст зэрэг
нуур цөөрөм бий.