Алтайн уулархаг нутгаар салхи шуурга шуурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.
ЦУОШГ-ын мэдээлснээр, баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, Монгол-Алтайн уулсаар нойтон цас орно. Мөн салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +9-+14, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +15-+20, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26-+31, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна.