ОРХОН: Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүдийг энэ сарын 23, 24-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-02 15:42:53

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүдийг Орхон аймагт 9 дүгээр сарын 23, 24-нд зохион байгуулна. 


Орхон аймаг 2002 оноос Улаан-Үд хоттой ах дүү хотын харилцаа тогтоон 2006, 2007 онд харилцан эдийн засаг, соёлын өдрүүдийг зохион байгуулж байжээ. Хамгийн сүүлд  2013 онд Орхон аймгийн эдийн засаг, соёлын өдрүүдийг Улаан-Үд хотод зохион байгуулсан. 


Энэ оны зургаадугаар сард хоёр хотын удирдлагууд эдийн засаг, соёлын өдрүүдийн үйл ажиллагааг сэргээн зохион байгуулах санамж бичгийг үзэглэснээр 12 жилийн дараа Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүд тус аймагт болох гэж буйгаараа онцлогтой. 


Хил орчмын хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл болон бизнесийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэхүү үйл ажиллагааны зорилго юм. 


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотоос 105 хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх бөгөөд албаны 10, зохион байгуулалтын 10, бизнесийн 10, уран бүтээлчдийн 75-80 хүн оролцохоо илэрхийлээд байна. 


Мөн ОХУ-ын цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ удаад тус улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах боломжгүй, салбар салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулах юм. 


Ирэх жил ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын хотод зохион байгуулах Орхон аймгийн эдийн засаг, соёлын өдрүүдээр Орхон аймгийн бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргах юм.  


Улаан-Үд хотын эдийн засаг, соёлын өдрүүдээр албан уулзалт, хоёр хотын хамтарсан гэрэл зурэг, маркийн үзэсгэлэн, уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.   


Энэ сарын 3-нд Улаан-Үд хотын захирагчийн орлогч ахалсан баг бүрэлдэхүүн манай аймагт ажиллаж, урьдчилсан бэлтгэл ажилтай танилцах юм.




Связанные новости