Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн уралдаан БНХАУ-ын Шанхай хотод болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ур чадварын олимп гэж нэрлэдэг “WorldSkills Competition” дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн уралдааныг БНХАУ-ын Шанхай хотод 2026 оны есдүгээр сарын 22-27-нд зохион байгуулна.
Энэхүү уралдаан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагч, залуусын авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, түүнийгээ бусдад харуулах боломжийг олгодог. Мөн тухайн улсын оролцогч, багш, төр, төрийн бус байгууллагын ур чадварын хөгжлийн талбар болдгоороо онцлогтой.
Дэлхийн 89 улсыг эгнээндээ нэгтгэсэн WorldSkills Интернэшнл олон улсын байгууллага тус уралдааныг 2 жил тутам зохион байгуулдаг.
Энэ удаад дэлхийн технологийн тэргүүлэх компани “Samsung” нь “WorldSkillsShanghai2026” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах ажээ.
Ташрамд дурдахад, "WorldSkills Lyon 2024" уралдаанд Монгол Улсаас мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын 7 суралцагчаас оролцсоноос 2 нь 700 онооны босгыг давж medalion for excellence буюу шагналт байрт шалгарчээ. Бусад 5 оролцогч 700 оноотой маш ойр гүйцэтгэлтэй ур чадвараа сорин дэлхийн залуустай өрсөлджээ.
Связанные новости

