Таван ханатай гэрийн буурьтай тэнцэх даавуун дээр хэвлэсэн бичгийн дурсгалыг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. “Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл” цуврал номын эхний боть болох “Халхын Түшээт хан аймгийн төрлийн тайж нар” ном болон үзэсгэлэнгийн нээлт Үндэсний номын сангийн салбарт өнөөдөр боллоо.
Мөн энэ үеэр
гэрийн үеийн бичмэлийн болон Чингис хаанд холбогдох сурвалж бичиг, ном хэвлэлийн
үзэсгэлэнг нээлтэд зориулан дэлгэв.
МУҮНС-ийн менежер С.Чулуунпүрэв ярихдаа, "Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Чингис хааны мэндэлсэн
өдрийг Монгол бахархлын өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монгол
Улсын Үндэсний номын сан ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран хоёр
жилийн турш хийсэн томоохон судалгааны ажлын үр дүн болох “Монголын ноёд
язгууртны гэрийн үеийн бичмэл” нэртэй бүтээлийг хэвлэн нийтэлж, нээлтээ
хийж байна. Мөн давхар энэ гэрийн үеийн бичмэлээр үзэсгэлэн гаргаад байна. Ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл гэдэг нь
Чингис хааны шууд угсаа, алтан ургийн ноёдын уг гарвал, удам зүйг тэмдэглэсэн
чухал баримт бичиг юм. Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан эдгээр ховор нандин
эх бичмэлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Гэрийн
үеийн бичмэлийн талаар дэлгэрүүлэхэд, өнгөрсөн дөрөвдүгээр сард Япон Улсын Нара
хотын "Тэнри Санкоокан" музейд Чингис хааны угсааны 12 мянга орчим
хүний нэр багтсан том хэмжээний гэрийн үеийн бичмэл дэлгэж, олон улсын
эрдэмтдийн анхаарлыг татсан билээ. Монгол Улсад ийм төрлийн баримтат дурсгал
нийт гурван ширхэг хадгалагддаг. Үүний нэг нь Үндэсний төв архивт, хоёр нь
Үндэсний номын санд байдаг. Тэдгээрээс хамгийн том хэмжээтэй, 5 ханатай гэрийн
буурьтай тэнцэх буюу 5.8 метрийн голчтой даавуун дээр хэвлэсэн “Сэцэн хан
Шолойн угийн бичиг” нэртэй дурсгалт эх бичгийг энэ удаагийн үзэсгэлэнд мөн
дэлгэн үзүүлж байгаа" гэв.
“Монголын ноёд язгууртны гэрийн үеийн бичмэл” цуврал ном цаашид Халхын Түшээт хан аймгийн харьяат тайж нар, Сайн ноён хан, Засагт хан, Сэцэн хан аймгийн ноёд язгууртны гэрийн үеийн бичмэлээр үргэлжилж, нэг цогц бүтээл болгохоор төлөвлөжээ.
Мөн Чингис хаантай холбоотой судар ном, гар бичмэл, сурвалж бичгийн дээж, Чингис хаан судлалаар гаргасан дотоод гадаадын эрдэм шинжилгээ, судалгаа, утга, уран зохиолын 200 гаруй ном бүтээлээр Их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан дэд үзэсгэлэн толилуулж байна.
Тус үзэсгэлэн энэ сарын турш олон нийтэд нээлттэй үргэлжилнэ.







Связанные новости
Ulaanbaatar