Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-28 14:22:17

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.


Уг зөвлөгөөнөөр өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын бэлтгэл, явган хүний зам тохижилтын ажил, авто замын ажил зэрэг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв. Үүнд, нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил долоодугаар сарын 21-ний байдлаар 53.7 хувийн хэрэгжилттэй байна. Энэ хүрээнд дулааны гол 13.5 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 52 хувьтай, авто зам засвар, шинэчлэлийн ажлын явц 60 хувьтай хэрэгжиж байгаа аж. 


Мөн нийслэлд энэ онд он дамжин 31 байршилд 80.5 км, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман байршилд 12 км, Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр байршилд 8.4 км авто зам буюу нийт 100.9 км авто зам барихаар төлөвлөжээ. Түүнчлэн 2024-2025 онд угсармал орон сууцны 205 блок дулаалахаар төлөвлөсөн бөгөөд нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр "Угсармал орон сууцны дулаалгын төсөл"-өөр 21 блокийг дулаалахаар тендер зарласан байна. Энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм. 


Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө дээвэр, цонх, хаалга, сантехникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ачаа, хүн зөөврийн 42 ширхэг лифт шинэчлэх ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 54.2 км урт, 199.842 метр квадрат талбай бүхий 13 төсөл хэрэгжүүлж, хоёр төсөл гэрээ баталгаажих шатандаа явж байгаа аж. 


Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга  хэмжээ хэрэгжиж байгаагаас долоодугаар сарын байдлаар  дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг,  дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заалны барилга, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ. 


Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18850-аар нэмэгджээ.



 

Связанные новости