Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.
ГБХНХЯ-ны мэдээлснээр, уулзалтаар сайд, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын уялдаа холбоог хангах, урт, богино хугацааны төсөл, хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүчин чармайлт гарган ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хамрах хүрээг өргөтгөн бусад салбарт хэрэгжүүлэх, ХАБЭА-н хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Солонгос /KOSHA/, Германы туршлагаас судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, залуучуудад хөдөлмөр эрхлэх, нийгмийн даатгал төлөхийн үр өгөөжийг сурталчлан таниулах, ойлголт өгөх, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллах хүсэлтээ уламжиллаа.
Ноён Чанхи Ли, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, бүтээмжийг өсгөх, хүний нөөцийг бэлтгэх юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэв.
Мөн хууль эрх зүйн шинэчлэл, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенц болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай суурь конвенц болох 187-д Монгол Улс нэгдэн орох үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, түүний үр дүн, нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ бүтээмжийг давхар өсгөх зэрэг асуудлаар санал солилцов.
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг эхлүүлж ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахаар ажиллаж байна.
Ulaanbaatar