Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар уригдан оролцсон билээ.
Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний сурын харвааны талбай, Үндэсний шагайн харвааны асарт тус тус зочилсон юм.
Эрийн гурван наадмын нэгэн төрөл сурын харваа нь халх, буриад, урианхай сур харваа гэсэн гурван төрөлтэй.
Сур харваа нь төрлөөсөө шалтгаалж 30-80 метр зайд харвадаг. Харвааны үеийг мэргэ, шил, ноён, баатар, далд, шувтарга гэсэн үеүдэд хуваадаг байсан бөгөөд мэргэ үед зөвхөн алдар цуутай харваачид өрсөлддөг байжээ.
Урианхай, буриад харваанд зөвхөн эрчүүд оролцоно. Халх сурын харваанд эр, эмгүй харвадаг онцлогтой.
Албан ёсоор 2001 оноос үндэсний их баяр наадмын нэг төрөл болсон шагайн харваа ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн төрөлд 2014 онд бүртгэгдсэн билээ.
Шагайн харваа XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байгаад хожим эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог ард түмний наадам болж өргөжсөн хэмээн судлаачид бичсэн байдаг.
Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай ажээ. Түүнчлэн шагайн харвааг нэг төрлийн бясалгал, дотоод сэтгэлгээний өрсөлдөөн ч гэж нэрлэдэг.
Зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана.
Ташрамд дурдахад, Монголын Шагайн
харвааны холбоо нийт 18000 гаруй харваачтай хэмээн цахим хуудсандаа мэдээлсэн байдаг.
Связанные новости

