Б.Амарсайхан: Монголын түүх намайг Холливуд руу хөтөлсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-01 12:25:35

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын бас нэгэн бахархал Амараа юм. Түүнийг Холливуд Амараа хэмээн нэрлэдэг нь олон учир холбогдолтой.  Ингээд олныг үл нуршин АНУ-ын Лос Анжелес хотод болдог “Asian World Film Festival” кино наадмын хүндэт гишүүн, жүжигчин, кино найруулагч Б.Амарсайхантай уншигч таныг уулзуулъя.


-Та Холливудын кинонд тоглосон анхны монгол хүн. Одоогоос яг 10 жилийн өмнө Холливудын улаан хивсээр алхаж байв. Түүнээс хойшх 10 жил Таны хувьд их хугацаа юу, бага хугацаа юу?

-Юуны өмнө, Монгол Улсын хэвлэл мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлагт ярилцлага өгч байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн хүндэтгэн, бахархалтай байна. Өнгөрсөн 10 жил харвасан сум мэт л өнгөрлөө. Энэ хугацаанд дэлхийн кино гэж юу байдгийн зах зухаас сурч мэдсэндээ дөрөөлж 2015, 2016 оноос хойш өөрийн кино бүтээлүүд дээрээ ажиллаж байна. Маш их өгөөжтэй он жилүүд байлаа.


-Бидний амьдран буй энэ цаг Монголын кино урлагийнхны хувьд яг ямар үе вэ?

-Маш сонирхолтой үе дээрээ байна. Үүнийг ярихын тулд Монголын киноны түүхийг сөхөхөөс аргагүй. Анхны киног тэртээ 1930-аад оны үед “Норжмаагийн зам”, “Монгол хүү” нэрээр хийснээс хойш 1990 он хүртэл социалист бүтээн байгуулалтын туршид, албан бус мэдээллээр 250-300 кино хийгджээ. 1990 оноос хойш Монголын кино урлаг арилжааны хэлбэрт шилжиж сүүлийн жилүүдэд нэг жилд 40-50 хүртэлх кино хийгдэж байна. Бараг өмнөх үеийнхнээсээ олон боловч, “хэцүү кинонууд” ч байна.


Өнгөрсөн 100 жилд Монголын кино урлаг тэс өөр хоёр ертөнцийг туулж байна. Эхний 60 жил нь кино салбарын боловсон хүчнийг улс ЗХУ-д бэлтгэж, материаллаг баазаар ханган, үзэл суртлын агуулгатай сэдэв өгч, санхүүжүүлэн, баригдмал, тухайлбал “Атар газар эзэмших”, “Нэгдэлжих хөдөлгөөнийг сурталчилах”, “Шашны үзэлтэн, хөрөнгөт нийгмийг буруушаах” зэрэг нам засгийн бодлогыг шингээсэн лоозон бүхий кино хийж байлаа. Нэг үгээр хэлбэл улс өөрөө продюсер байсан гэсэн үг. Харин тухайн үед ажиллаж амьдарч, бүтээл туурвилаа түгээж байсан гайхамшигтай мундаг найруулагчдийн социалист нийгмийн цензур дор уран сэтгэмжээр хүний эгэл амьдрал, дотоод ертөнц, зөрчлийн тухай өгүүлсэн “Моторын дуу”, “Говийн зэрэглээ”, “Тань руу нүүж явна”, “Гарын таван хуруу” зэрэг сайн бүтээлүүдийг бид одоо ч үздэг, үзэх ч дуртай. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр кино үйлдвэр хаагдаж, боловсон хүчин цөөрснөөр, киночид бор зүрхээрээ зүтгэж, кино бол арилжаа, бизнес, урлагийн холимог салбар гэдгийг ойлгосон. 1990-2010 он хүртэл унаж босож, алдаж оносон амаргүй түүхийг туулсаар 2008 оноос энэ салбар цэгцэндээ орж сонирхолтой цаг хугацааг маш хурдтай туулж байна. Кино урлаг нь нэг талдаа технологийн дэвшлийг дагаж хөгждөг урлаг. Өнөөдөр Монголын кино урлагийн цоо шинэ үе эхэлсэн гэж хэлж болно.



-Гадаадад кино урлагийн чиглэлээр суралцсан залуус эх орондоо ирж байна уу эсвэл тэндээ үлдчихэж байна уу, яагаад?

-Нилээд Монгол залуус дэлхийн олон оронд киноны бүхий л мэргэжлээр суралцаж, тухайн улсдаа мэргэжлээрээ ажиллаж байна. Жишээ нь Монголын киночдын нэг үеийнхэн АНУ-д өсөж байна гэж хэлэхээр болжээ. Заримыг нь эх орондоо урьж, кинонд тоглуулж, хамтран ажиллаж байна. Зөвхөн кино салбар гэлтгүй бүхий л бизнесийн болон урлагийн салбарт ур чадвартай хүн дэлхийн хаана ч очиж ажиллах боломж бидний өмнө нээлттэй байна. Гадны улсад боловсрол эзэмшиж эх орондоо кино бүтээлээ туурвиж, дэлхийн шилдэг наадмуудаас шагнал хүртэж эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа олон уран бүтээлчдийг олныг нэрлэж болно.


-Таныг Холливудад алхуулсан “Марко Поло” киноны шалгаруулалтыг анх яаж мэдсэн юм бэ?

-“Марко Поло” кино хийхийн өмнө уг киноны кастингийн баг Монголд ирж жүжигчдээс проб авч, дүрийн сонгон шалгаруулалт хийсэн. Би тэрэнд оролцоогүй, мэдээгүй өнгөрөөсөн байсан. Тухайн үед би АНУ-ын “UN East West” агентлагт гишүүнээр элсээд гэрээ хийж байсан үе. Тэр агентлаг энэ дүрийг надад олж өгч, киноны дүрийн сонгон шалгаруулалтаас эхлээд дуусах хүртэл бүгдийг нь хариуцаж ажилласан.


-Энэ киноны гол дүрүүдийн сонгон шалгаруулалтад 1500 гаруй хүн сонгон шалгаруулалтад оролцсон гэдэг. Та хэрхэн сонгогдож байв?

-Тэр үеийг эргэн дурсахад хөгжилтэй л дөө. Олон улсын төсөлд анх удаа аудишн өгнө гэдэг бидний хувьд цоо шинэ зүйл байлаа. Би дүрийнхээ хувцсыг өөрөө зохиомжилж өмсөөд, нүүр хувиргалтаа хийж, бараг л жүжиг шиг юм тавиад бичлэгээ явууллаа. Манай кастингийн найруулагч Попин дараа нь миний энэ жишээг сургалтдаа ашигладаг гээд ярьж байсан. Одоо бодоход жаахан ичмээр... Хэдий буруу ч гэсэн тэд миний хичээл зүтгэлийг үнэлсэн байх. Тухайн үед 37 орны 1500 гаруй уран бүтээлч оролцсон, Нетфиликсийн хамгийн их төсвөөр бүтсэн олон ангит кино байсан. Энэ кинонд 600-700 хүн ажилласны нэг болсондоо баярладаг. Хэнтэй өрсөлдөж байгаагаа тэр үед мэдээгүй. Хожим дүрийн сонгон шалгаруулалтанд оролцсон жүжигчдийн зурагнуудыг хараад өөрөөрөө жаахан бахархмаар санагдаж байснаа нуух юун.


Энэ том төсөлд тоглож байгаа жүжигчнээр дамжуулан тухайн орных нь үзэгчдийг татах маркетингийн аргыг Нетфликс ашиглаж үзэгч, хэрэглэгчдийнхээ тоог өргөжүүлдэг хэдий ч гуравхан сая хүн амтай улсаас энэ төсөлд оролцоно гэдэг нэг талаараа аз, нөгөө талаараа продюсер найруулагчдийн уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандсан хандлага юм. Учир нь “Марко Поло”-гийн дүрд жинхэнэ итали хүн, Аригбөхөд Монголоос ирсэн, Монгол хүн л тоглох ёстой гэж үзсэнийг би хожим мэдсэн.


Надаас бусад жүжигчид АНУ, Европт өссөн, унаган англи хэлтэй ази хүмүүс байсан. Миний хувьд, хэлний бэрхшээл байсан ч Монголын түүх намайг тэр кинонд тоглоход түлхэц болсон гэж боддог. “Марко Поло”-г үзсэн, гадаадад амьдардаг монголчууд “Энэ киноноос анхны Монгол аялагатай англи хэлийг сонссон” гэцгээдэг юм.



-“Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээхэд танд ямар зан чанарыг нь дөвийлгөн харуулахыг эрмэлзэж байсан бэ?

-Ямар зан чанар гэхээсээ илүүтэй Аригбөхийн дотоод зөрчил, зорилго, хор шарыг илүүтэй дөвийлгөн гаргаж ирэхийг хүссэн. Миний уншиж, олж мэдсэнээр Чингис хаан Их Монгол Улсыг байгуулчихаад улсаа тарж бутраалгүй, нэгэн захиргаан дор хураан тохинуулахыг зорьж байсан. Тийм ч учраас хүү Зүч, төрсөн дүү Хасар, итгэлт анд Хөхчү, Жамух нарын үхлийн шалтгаантай түүнийг холбох нь бий. Өөрийн эрх мэдэл, баян тансаг амьдралыг авч үлдэх бус улсынхаа эв нэгдлийн төлөө энэ бүхнийг хийж, “Тэнгэрт нэг нар, газарт нэг хаан байна” гэж тунхагласан байдаг.  Чингис хааны дөрвөн ач хүүгийн талаар нийтэлч Баабар гуай “Нүүдэл суудал” номондоо, “Нэгэн айлын 4 хүү эсгий гэрт суугаад, дэлхийг эзлэх ялих шалихгүй төлөвлөгөөг хэлэлцэж байлаа” гэж бичсэн нь Мөнх Европыг, Хүлэгү Дундад Азийг, Хубилай Их Юань гүрнийг эзэлж хаан болсон хийгээд Аригбөх голомт сахиж үлдсэнийг хэлжээ. Эндээс Сорхагтан хатан хөвгүүдээ ямар гайхамшигтай хүмүүжүүлсэн нь харагддаг. Харамсалтай нь, Чингис хааны гурав дахь үе дээр буюу ач хүү Хубилай төрийн их хуралдайг хуралдуулахгүйгээр төрийн эрхийг авсан. Үүнийг нь Жонн Фуско маш сайн судалж, гайхамшигтай зохиол бичсэн.


-Киноноос үзэгчдийн сэтгэлд үлдсэн олон хэсэг бий. Харин таны хувьд хамгийн дуртай нь ямар хэсэг байдаг вэ? 

-“Марко Поло” кинонд Хубилай хаан хүүтэйгээ ярьдаг нэг хэсэг байдаг юм. Хубилайн хүү Жингим Аригбөхөд хууртагдан, ялагдаж ирээд аавдаа “Би яг Монголчууд шиг байлдсан” гэдэг. Бээжинд төрсөн Жингимийг Хятад хүн, түүгээр удирдуулахгүй гэсэн гадуурхал байжээ. Үүнд нь Хубилай “Монголчууд хэзээ ч ялагддаггүй” (Mongols do not lose) гэж хариулдаг хэсэг маш их сэтгэгдэл төрүүлдэг. Монголчуудын эв нэгдэл Аригбөх, Хубилайн үеэс эхэлж сарниж, улсаа хэсэг хэсгээр нь алдаж, бутаргасаар өнөөг хүрч. Кинон дээр ах дүү хоёрын яриа өрнөдөг хэсэг намайг хамгийн их эмзэглүүлдэг. Хоёул хамт суугаад эцэг Тулуй, эх Сорхугтан хатныхаа тухай, өвөг эцэг Чингис хааны хүсэл мөрөөдөл, туурга тусгаар улсаа бат бэх байлгахыг хүсэж байсан тухай ярилцдаг. Энд мөн л Чингис хааны байгуулсан хүчирхэг гүрэн бутран сарних эхлэл тавигдаж, яг түүний айж болгоомжилж байсанчлан үр удам нь хаан ширээ эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцдаж байгаа тухай гардаг.


-Аригбөх, Хубилай хоёрын тоглож буй хэсгийн нэг зураг авалтын үеэр кино найруулагч өөрөө ч аньсага норгосон гэх юм билээ. Ах дүү хоёрын хаан ширээний төлөөх тэмцэл Хубилайн ялалтаар дууссан ч Аригбөхийн түүх цээж хөндүүрлүүлдэг шүү дээ...?

-Жонн Фуско, Ричард Шарки хоёр Хубилай, Аригбөх хоёрын яг энэ хэсгийн зургийг хэзээ авах вэ л гээд байсан. Төрсөн ах, дүү хоёрын энэ хэсгийн гэр доторх зургийг Малайзад, гаднах зургийг Казахстанд авсан. Дээр хэлсэнчлэн тэр хоёр өвөг дээдэс, гэр бүлийнхээ тухай энгийн хөөрөлдөн шагай тоглох хэдий ч маргааш нь аль нэг нь хэн нэгнийгээ алж, дэлхийг эзлэх аян дайнаа цааш үргэлжлүүлнэ. Тэд духаа нийлүүлэн төрсөн ах дүүсийн ёсоор салцгаадаг. Энэ хэсэг кинонд оролцож байсан бүхий л уран бүтээлчдийн сэтгэлийг хөдөлгөсөн сцена байсан.



-Гэхдээ танд, Хубилайн дүрд тоглочих юмсан гэсэн бодол байсан уу?

-Мэдээж байлгүй яах вэ. Гэхдээ надад 6-7 дүрээс хэдийг нь ч сонгож проб өгөх санал ирсэн. Хичнээн хүссэн ч Англи хэл дээр 5-6 хоногт энэ олон дүрүүдийн үгийг цээжлэх боломжгүй байлаа.  Учир нь Англи хэл миний унаган хэл биш шүү дээ. Гэсэн ч би проб авах өдөр хүртэл 27 хуудас текстийг цээжлээд Малайзад очсон. Найруулагч, зохиолч, продюсерууд надаас проб авсан. Аль дүрийг унших уу? гэхэд нь би хамгийн ойр санагдаж байсан Аригбөхийн дүрийг хэлсэн. Проб авч дууссаны дараа би “Энэ зохиолыг хэн бичсэн бэ” (Who wrote this script) гэж асуусан. Тэнд байсан хүмүүс “Тэр” гээд бүгд Жонн Фуског зааж билээ. Энэ тухай Жонн Фуско сүүлд Монголын нэг сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Амараа аймаар сөөнгө хоолойгоор ингэж асуухад нь би дотроо Монголчуудын түүхийг буруу биччихсэн юм байх даа” гээд ихэд санаа зовнисноо ярьсан байсан. Энэ нь монгол хүний ерөнхий харилцааны зан байдал, миний дуу хоолойны өнгөөс тэгж санагдаж л дээ. Би уул нь “Сайхан зохиол болсон байна, баярлалаа” гэж л хэлэх гэсэн юм.


-Тэгэхээр таны сөөнгө хоолой энэ кинонд тоглоход давуу тал болсон юм биш үү?

-Ер нь бол тийм. Продюсер Ричард Шарки “Чи маш гоё өвөрмөц хоолойтой” гэж, миний амьдралдаа сонсоогүй сайхан магтаалыг хэлсэн. Намайг бүр текстийнхээ өмнө хүнгэнэж, хүрхэрсэн хоолойгоор архирах чимээ гаргуулж, тийм дуу авиа хүртэл бичиж авч байсан.


-Монгол жүжигчдийн хувьд Холливуудад хөл тавих нь мөрөөдөл төдий байхад та мөс хагалсан хүн. Тэр үед танд юу нь хүнд байсан бэ?

-Нэг уран бүтээлч найз минь “Чи энэ кинонд тоглоод, азтай юм” гэж байсан. Би түүнд хэлээгүй ч дотроо бодохдоо “Аз гэж байхгүй, авьяас, хөдөлмөр, тууштай байдал л хүнийг хүссэн газар нь аваачдаг” гэж бодсон. Үүнд ч итгэж явдаг. Англи хэл дээр тоглох, эх хэл дээрээ тоглохоос мэдээж өөр. Бүх текстээ баа... бээгүй цээжлээд орж болох байсан ч харилцан тоглож байгаа жүжигчний текстийг ойлгож, өгч авч байж тоглолт гарна. Тэгэхээр нөгөө жүжигчнийхээ текстийг ч бас ойлгож, судлах хэрэгтэй болно. Сөөм зузаан, 20 ангит зохиолыг бүгдийг нь орчуулж, өөрийн болгож уншиж, ойлгож яг л Монгол хэл дээр зохиолын задаргаа хийж ажилладаг зарчмаараа ажилласан. Нөгөөтэйгүүр, би бүх тулаанаа орлон тоглогчгүй хийж гүйцэтгэсэн. Юуг хэцүү гэж хэлэхээс илүү юу хариуцлага шаардаж байгааг, тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлэх тухай бодож байсан. Монгол жүжигчинтэй ажиллахад хариуцлагатай, хичээл зүтгэлтэй байдаг юм байна гэсэн сэтгэгдэл үлдээх гэж хичээсэн. Аль болох нээлттэй байж, чармайж, хичээж ажилласан. Би чинь анхны хүн шүү дээ. Тэд надаар Монгол жүжигчдийг төсөөлнө. Хичээл зүтгэл минь биелж, “Марко Поло-2” кинонд 100-аад Монгол хүн оролцлоо шүү дээ.


-Монгол жүжигчид Холливуудад хөл тавихад юу дутаж байна вэ?

-Зөвхөн кино урлагт гэлтгүй бүхий л салбарт хамгийн чухал нь гадаад хэл. Би хүүхдүүдэд нэгдүгээр ангиас нь англи хэл заахыг дэмждэг. Швейцарь улс 4 хэлээр ярьж байна. Тэр хирээрээ тэдгээр хэлнүүдийн сангаас мэдээлэл авч, өргөн цар хүрээтэйгээр сэтгэж байгааг хараад атаархсан. Манай улсад хүүхдэд зориулсан монгол хэл дээр үзэх хүүхэлдэйн кино, контент маш дутмаг байна. Тэгэхээр аргагүй Нэтфликсийг л сонгож байна. Хүүхдүүд минь заримдаа хоорондоо англиар ярьдаг. Зарим талаараа анхаарах ёстой хэдий ч хоёр хэлээр ярьж, сонсож, сэтгэх нь нэг хэлтэй байснаас илүү дээр гэж бодож байна.


Хэлгүй бол ямар ч авъяастай найруулагч, жүжигчин дэлхийд гарахгүй. Манай жүжигчид хөрвөх чадвартай, ажлын ачаалал даадаг үнэхээр авъяаслаг. Нүүр будагч, нүүр хувиргалтын мэргэжилтнүүд гэхэд дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Орлон тоглогчид маань дэлхийн аль ч групптэй харьцуулахад морин тулаан, бусад үзүүлбэрт илүү гарна уу гэхээс дутахгүй. Даанч хэлгүй бол хөлгүй, өөрсдийгөө илэрхийлэх, харилцаа холбоо тогтооход үргэлж бэрхшээл тулгарч байна.


Брюс Лигийн “Луугийн арал” киноны продюсер Энди Морган миний нэг төслийн тухай ярилцаж байхдаа “Чи яагаад өчигдрийн киног яагаад өнөөдөрт зориулж хийгээд байгаа юм бэ?” гэж хэлж байсан. Энэ бол Монголын киночдод хэлсэн үг. Бид АНУ, Солонгосын кинонуудыг үзээд тэднээс хуулж, даган дуурайж байна. Дэлхийн аль ч оронд шинэ киночид ийм л байдаг. Гэсэн хэдий ч бидний ялгарал, онцлог, зан байдал, ахуй амьдрал ямар вэ, бид хэн бэ гэдгээ үргэлж бодох ёстой.


Ерээд оны үед гадны уран бүтээлчдийн хийсэн Монголын тухайн үеийн нийгмийн байдлыг харуулсан траншейний хүүхэд, зуд турханы тухай, бидний ядарсан зүдэрснийг харуулсан ганц нэг баримтат кино л дэлхийд гарч биднийг шинэ ертөнцөд тийм байдлаар таниулсан.


Өнөөдрийн Монголын кино уран бүтээлчдийн өмнө энэ байдлыг халж, өөрсдийгөө таниулах, Монгол киног дэлхийн кинотой өрсөлдүүлэх хэмжээнд аваачих хүндтэй бөгөөд, хэцүүхэн үүрэг тулгарч байна. Энэ бол сорилт юм. Ийм үүрэг хариуцлагыг үүрэлцэж болох цаг хугацаанд өөрийн уран бүтээлээ туурвиж байгаагаа аз завшаан гэж боддог.




Иймд бид сайн кино хийж, том замыг нээх хэрэгтэй. Хийсэн киногоо 3 сая бус 30 сая хүнд үзүүлэхийг зорьё. Тэр хэрээр аялал жуулчлал хөгжиж, Монгол орныг сонирхох хүн ч олширно. Хөвсгөлд хийсэн “Содура” киног үзээд Хөвсгөлийг зорих дотоодын жуулчдийн тоо нэмэгдсэн. “Хоббит” киноны зургийг Шинэ Зеландад авсны дараа гадны жуулчид маш ихээр очих болсон. Тэрийг үзэх гэж мөнгө төлж байна. Кино урлаг бол аялал жуулчлалыг дэмждэг хамгийн чухал салбар. Түүгээр ч зогсохгүй аливаа нэг улсыг компани гэж бодвол кино урлаг нь тус компанийн маркетингийн хүчирхэг зэвсэг болдог. Бодоод үз л дээ... эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудын кино дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж, өөрсдийн соёл хийгээд улс орноо сурталчлан таниулж бусад орнуудад нөлөөлөх зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлж байна. Үүнийгээ дагаад тухайн орны худалдаа, арилжаа, соёлын бүтээгдэхүүнүүд тэр хэрээр сурталчлагдаж байна. Тэгэхээр бид Монголын гэх контент хийхэд л анхаарах хэрэгтэй. Үүний тулд өөрсдийгөө ухаж, хөгжүүлж, мэдрэмжтэй, мэдлэгтэй, ёс зүй, гоо зүй, ёс суртахууны асар өндөр түвшинд бүтээж, туурвих ёстой.



ЗҮГЭЭР Л МОНГОЛ ХҮН ЯМАР БАЙДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН МИНЬ


-Гадаадын уран бүтээлчидтэй ажиллахад монгол хүний ямар чанарыг хамгийн их сонирхож байсан бэ?

-Миний гэлтгүй Монголчуудын найрсаг нөхөрсөг зан, хийж буй зүйлдээ бүх зүрх сэтгэлээ зориулж чаддаг, хөдөлмөрч, махруу байдлыг их үнэлдэг.


-Тэгвэл огтоос ойлгогдомгүй зан төрх байдаг нь Танд анзаарагдсан уу?

-Ойлгодоггүй зан гэвэл бид хүнтэй анх уулзахдаа чухал царайтай, хөндийдүү байдаг юм шиг санагддаг. Бид танихгүй хүнтэй дуугардаггүй, бишүүрхүү, төв хүмүүс юм билээ. Танилцахаараа найрсаг, үнэнч, зүрх сэтгэлээ нээдэг, тусархаг. Энэ зан чанар монгол хүнд нийтлэг байдаг юм шиг. Тийм ч болохоор гадныханд маш их сэтгэгдэл төрүүлдэг. Хөдөө аялсан жуулчид Монголд зочилсон айлаа их дурсаж ярьдаг шүү дээ.

Марко Поло киноны продюсерүүд Нью-Йоркт болсон киноны нээлтийн үеэр Аригбөхийн дүрийн талаар ярихдаа, “Бид хамгийн сайн дүрээ, хамгийн том дайснаа, хамгийн түрүүнд алчихлаа” гэж байсан. Би Аригбөхийн дүрд тоглохдоо хэдий эсрэг дүр ч гэсэн Монгол хүн учир түүний зөв гэдэг талаас нь дүрээ өмөөрч тоглосон. Монгол хүнийхээ хувьд үзэгчдэд Хубилай хааныг “Төрийн хуралдай зарлахгүйгээр хаан ширээнд суусан” гэдгийг өөрийн дүрээрээ илэрхийлж тоглосон нь маш гүн сэтгэгдэл төрүүлсэн байх.


Монгол түмэн энэ олон зуун жил нүүж, өргөн газар нутагт улсаа байгуулахдаа яагаад энэ хахир хүйтэн газраа авч үлдсэн бэ? Орхон, Туулын хөндий, Гурван голын сав газар, Говь хангай хосолсон энэ хуурай ширүүн уур амьсгалтай тал нутагт бид үеийн үед аж төрсөн. Гэтэл одоо биднийг өнөөдөр энэ газар доорх баялаг маань тэжээж байна. Эцэг өвгөд минь энэ газрыг мэдэж л бидэнд үлдээсэн байх. Хичнээн их газар нутгаа алдсан ч энэ газар шороогоо авч үлдсэн нь Монгол хүний амны хишиг гэлтэй. Бид газар доорхи баялгаасаа ч илүү арвин их түүхтэй ард түмэн. Түүхээ, өөрсдийгөө сайн ухаж, бүтээж чадвал газар доорхи баялгаас ч илүү ашиг олж болох боломж бидэнд бий.



-Та 2006 онд япончуудын бүтээсэн “Чингис хаан” кинонд Зэлмэ баатрын дүрд тоглосон. ?

-Түүхэн кинонд тоглохын тулд уншиж, судлах ёстой. Би судлаач биш ч эрдэмтэд, судлаачдын бүтээлүүдийг заавал уншиж тухайн цаг үеийн нөхцөл байдал, хүмүүсийн аж амьдрал, түүхэн дүрүүдийг хувь хүн талаас нь судлах ёстой. Зэлмэ бол урианхай хүн. Ардын жүжигчин Б.Дамчаа гуай Урианхай хүн байлаа. “Би Зэлмийн удам” номоо дөнгөж гаргаад байх үед нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Зэлмийн дүр бүтээсэн МУГЖ Д.Сүхбаатар ахтай хамт Б.Дамчаа гуайн гэрт нь очив. Сүхээ ах намайг Зэлмийн дүрд тоглох гэж байгааг дуулгахад, Б.Дамчаа гуай “Хэзээ зураг авалтад орох юм” гэхэд нь, “Нөгөөдөр зураг авалттай. Урианхай хүний зан төлвийн тухай асуух гэж ирлээ” гэтэл, тэрээр намайг голонгуй харснаа “Зэлмэ бол 3 настайдаа Чингис хаанд ирсэн, унаган боол нь. Дараа нь баруун түмнийг захирч байсан төрийн сайд хүн. Чи энэ тухай 2 хоногийн дотор судалж амжихгүй. Хугацаа ч байхгүй. Цаад япончууд чинь чамайг нэгдүгээр планд ч зогсоохгүй. Дүр бүтээх тухай 2 хоногийн дотор ярина гэнээ...


Чи зүгээр л Монгол хүн ямар байдгийг л харуул. Монгол хүн яаж баярладаг, мориндоо яаж морддог, эзэндээ, найз нөхөддөө хэрхэн үнэнч байдаг гээд Монгол хүн ямар байдгийг л гарга” гэж зөвлөсөн нь хожим “Марко Поло”-гийн Аригбөхийн дүрд тоглоход гол түлхүүр минь болсон доо.



-Дараагийн мөрөөдлийн тань дүр ямар дүр байх бол?

-Монголын түүх асар их зөрчилтэй. Байлдахаасаа илүү урвалт шарвалт, золиос, хүнд хэцүү цаг үеүд их байдаг. Манжийн хаан: “Монголчууд яг үүл мэт... Үүл хуралдвал тэнгэр муухайрна, тиймээс эд нарыг үргэлж сарниаж бутраа гэж хэлсэн гэдэг. Түүхийн нугачаанд Монголчууд Тува, Буриад, Халимаг, Өвөрмонгол гэж салсан нь үүнийг батлах мэт.

Монгол Улсын Ерөнхий сайд агсан А.Амар, маршал Х.Чойбалсан ямар үеийг туулсан бол, С.Данзан Д.Бодоо хоёрыг хэлмэгдүүлсэн он жилүүд, сайн ноён хан Т.Намнансүрэн, чин ван М.Ханддоржийн тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж байхдаа цаг бусаар үхсэн үхэл, түүхүүд гээд маш сонирхолтой, дотоод зөрчилтэй олон кейс бий. Тэдгээрийн эхлэл болгож “Монгол” киногоо хийсэн. Миний хувьд дээрх түүхүүдээр “Монгол” төслөө үргэлжлүүлэн, түүхийн үнэн мөнийг эрж хайсан бүтээлүүд хийхийг зорьж байгаа.


-Одоо тэгвэл ямар сэдвээр кино хийхийг хүсэж байна вэ, яагаад?

-Бид янз бүрийн үе шатандаа явж байгаа олон төсөл дээр зэрэг ажилладаг. Монгол ахуй, аж байдал, нүүдэл соёлын тухай, тулаант, драма төрөл жанрын төслүүд дээр ажиллаж байна. Яг одоо бид “ШАЛЗ” тулаант уран сайхны киноны зураг авалтаа хийж, тулааны найруулагч, зураглаач, эвлүүлэгчээр АНУ-н уран бүтээлчид найзууд маань хамтран ажиллаж байна. 


-Хувь хүний сэтгэлийн дотоод зөрчлийг харуулсан кино хийхийг хүсдэг гэлээ, Яагаад ?

-Урлаг ерөөсөө л хүний тухай байдаг. Хүний сэтгэл хөдлөлийн тухай. Кино зохиол нь бусад зохиолоос ялгарах хамгийн гол ялгаа нь зөрчил нэмэх нь асуулт хариулт юм. Хүний сэтгэлийн дотоод, өгөгдсөн нөхцлийн гадаад зөрчлийн дундаас үйл явдал урган гардаг. Энэ хүний тархиар бичигдсэн зохиомол түүх эсвэл ийм амьдрал туулсан бодит хүний түүхэн дүрд амьдрах нь жүжигчин хүний эдэлж болох хамгийн дээд жаргал юм.



-Та зохиолоо өөрөө бичиж, найруулаад, кинондоо тоглож байна. Бүхнийг өөрөө хийхийн давуу тал бий. Тэгвэл сул тал нь юу байх вэ?

-Монголын кино урлагийн боловсон хүчин цөөн, зах зээл жижиг зэрэг олон хүчин зүйл ийм байдалд хүргэсэн гэж болно. Мөн бурхны бэлэг болгосон жаахан авьяас байна гэж итгэдэг. Зохиолоо бичиж, найруулаад, өөрөө тоглосон 4-5 кино бий. Сөрөг тал гэвэл өөртөө зориулж зохиол бичдэг. Ингэхдээ бусад дүрийг жишээ нь, эмэгтэй хүний дүрийг хаях магадлалтай. Манай багт эмэгтэй продюсер олон байдаг учир тэд тэр талыг минь нөхөж, эмэгтэй дүрийг хүчтэй, тэнцвэртэй гаргаж өгдөг. Энэ балансыг барих нь хамтын уран бүтээлийн үр дүн юм. Нөгөөтэйгүүр зургийн талбай дээр камерын өмнө, бас ард нь 2-3 хүний ажил хийнэ гэсэн үг.  Заримдаа өөртэйгөө ажиллах нь илүү амар байдаг.


-Та киногоо монгол хүнд зориулж хийдэг үү, гадныханд зориулж хийдэг үү?

-Энэ асуулт Монголын бүх үзэгч, киночдод зориулсан байна. Улаанбаатарт 1.7 сая хүн амьдардаг. Жишээ нь 1 тэрбум төгрөгөөс дээш өртгөөр бүтсэн саяхны нэг киног театрт хамгийн олон үзэгч үзсэн буюу 300 мянган хүн үзжээ. 1.7 сая хүнээс 300000 хүн... Чамлалттай хэдий ч энэ бол рекорд. Орлого 3 тэрбум төгрөгийн борлуулалт гэсэн үг. Үүний талыг нь кино театр авдаг дэлхийн жишиг бий. Үлдсэн 50 хувиас гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчдад буцаан өгч, ашиг бодоход хувь уран бүтээлчид ноогдох хувь дараагийн кино хийх хөрөнгийн эх үүсвэр болоход маш хүндрэлтэй.


Тэгэхээр хүн ам цөөн манай улсад кино урлаг, бизнесийн зарчмаар хөгжих бараг боломжгүй. Иймээс манай ихэнхи уран бүтээлчдэд маш бага зардлаар кино хийх шаардлага тулгардаг. Энэ нь биднийг хязгаарлагдмал байдалд оруулдаг. Харин Монгол улсад TV, IPTV, Stream үйлчилгээнүүд хурдтай хөгжиж байна. Энэ нь бага зардлаар кино контент хийж, олон нийтэд түгээх боломжийг бүрдүүлж өгч байгаа.


-Ер нь ямар кино цаг хугацааны шалгуурыг давж үлддэг юм бол?

-Хүний дотоод зөрчлийн харуулсан кино л энэ шалгуурыг давж үлддэг болов уу. Хайр бол мөнхийн сэдэв. Мэдээж хайр дурлалын “Хайр” энэ сэдвийн ихэнх хэсгийг эзлэх боловч бусдыг хайрлах, бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг тэр эр зоргийн тухай өгүүлсэн киноны тухай би ярьж байна. Энэ сэдвийн тухай маш олон жишээ дурдаж болно. Оскар, Каннын шагналууд авч байгаа бүтээлүүд бүгд л энэ сэдвийг хөндсөн байдаг.


-Та өөрөө Монголын ямар кинонд дуртай вэ, ямар уран бүтээлчийг хүндэлж шүтдэг вэ?

-И.Нямгаваа найруулагчийг маш их хүндэлдэг. Түүний “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай” зэрэг шилээвэр бүтээлүүдийг бүгд мэднэ. И.Нямгаваа гайхалтай зүйрлэлийг үзүүлдэг найруулагч. “Гарын таван хуруу” кино дээр хүүхдүүд нь аавынхаа машиныг түлхээд явуулдаг хэсэг. Энэ нь тэдэнд аав нь аль хэдийн хэрэггүй болчихсон, аав яагаад ч үлдэхгүй гэснийг харуулж байгаа юм. Бас эхнэртэйгээ муудалцахдаа сүхээ модонд зоогоод хувцсаа аваад хашааны явган хаалгаар гарах гэхэд охин нь “Битий яв л даа, аав аа“ гээд хаалга хөндөлсдөг. Гэтэл аав нь бүр том хаалгыг нь өшиглөөд гардаг. Аавыг зогсоох зүйл юу ч байхгүй гэдгийг харуулж буй мэт. Кино заавал үг яриагаар бус нэг дүрс, хөгжим, план, кадрын зохиомжинд багтаж байгаа бүхий л зүйлээрээ утга санаагаа  илэрхийлж болдог. Мөн зохиолч, найруулагч Л.Ванган гуайг хүндэлж хайрладаг. Эгэл амьдралаас маш олон хүнийг уран сайхны дүр болгож бичсэн. “Нийслэл хүү” киноны ягаан Гажид, илгээлтийн эзэн сэтгүүлч залуу зэрэг амьдрал дээр байдаг бодит хүмүүсийн дүрүүдийг дэлгэцэнд мөнхлөн үлдээсэн. Агуу зүйлийг энгийнээс авчирсан хүн гэж болно.


-Ямар киног хамгийн олон дахин үзсэн бэ?

-Би киног олон удаа үздэг. Нэг үзэхдээ зөвхөн хөгжмийг нь сонсож эсвэл эвлүүлгийг нь харж, найруулагчийн сцена өрөлт, жүжигчдийн тоглолт гээд нэг нэгээр нь хөөхөөр нэг мэдэхэд 7, 8 удаа үзчихсэн байдаг.


-Амараагийн кино өдрүүдийг АНУ-д зохион байгуулах гэж байгаа талаар ярина уу?

-Дээр дурьдсанчлан би АНУ-ын Лос Анжелас хотод зохион байгуулагддаг “Asian World Film Festival”-н хүндэт гишүүн. Тус наадмаас “Итгэл”, “Бодлын Хулгайч” кинонууд маань “Үзэгчдийн Нэрэмжит” шагналыг хүртэж байсан. 2022 онд 95 дахь удаагийн Оскарт зохиолч, найруулагч, жүжигчнээр ажилласан “Эргэж ирэхгүй намар” кино маань Монгол улсыг төлөөлөн оролцсон. Энэ кино маань дээрх наадмын тусгай үзвэрээр гарч шүүгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Дэлхийн кино наадмуудаас 25 шагнал авсан зэргээс шалтгаалан “Asian World Film Festival” нь миний бүтээсэн кино өдрүүдийг зохион байгуулах болсон.


- Сайн уран бүтээлч байхын зэрэгцээ өнөр гэр бүлийн сайн аав байхад хэрхэн цаг гаргадаг вэ?

-Хүн харахад завгүй ч би маш их завтай байдаг. Амьдрахын тулд ажиллаж байгаа ч ажлын төлөө төрсөн биш дээ, өөртөө, гэр бүлдээ зав гаргах л хэрэгтэй. Кино зохиол бичих, зураг авах, монтаж хийхээс бусад үед цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Эхнэр маань кино продюсер, бид хамт ажилладаг. Бид бүх өндөгөө нэг сагсанд хийгээд алхаж яваа болохоор амьдралын бүх л асуудал, үүрэг хариуцлагаа хувааж үүрдэг дээ.

 


ҮНЭН БАЙХ ЗАРИМДАА ИЧГЭВТЭР, БАС ХЭЦҮҮ Л ДЭЭ, ГЭХДЭЭ...


-Жүжигчин Амараагийн бүтээлийг Монголчууд өөр өөрсдийнхөөрөө хүлээж авсан. Миний тэр киноны яг энэ нь аятайхан болсон доо гэсэн бодол байдаг уу?

-“Эргэж ирэхгүй намар” киноны төгсгөлийн хэсэгтээ маш дуртай. Зөвхөн тэр хэсгийг авахын тулд 1 сар бэлдсэн. “Монгол” кинонд аавыгаа гудамжнаас олдог хэсэг бий. Энэ хэсэгт “Үер” киноны Долгорсүрэн гуайн нөхрөө буудуулаад уйлж байдаг хэсгийг авчирж тоглосон. Зарим найруулагч нар дуртай найруулагчийнхаа өмнө нь хийсэн киноны план тавилтыг дуурайж хийдэг шиг би хүндэлдэг жүжигчнийхээ тоглолтыг дуурайж тоглосон гэж тайлбарлаж болно. Энэ бол миний Ардын жүжигчин Долгорсүрэн гуайд үзүүлж буй хүндэтгэл юм. Өөртөө л зориулж ингэсэн гэхүү дээ.


-Таныг анзаарах нь ээ, хурдан ярих юм. Уран бүтээлч болсноос хойш хурдан ярьдаг болсон уу, хүүхэд байхаасаа ийм байв уу?

-Хүүхэд байхаасаа л хурдан ярьдаг. Хурдан ярьдаг хүн хурдан сэтгэдэг гэж ярьдаг. Мэдэхгүй ээ, заримдаа би бодож байгаа зүйлээ ярилцаж байгаа хүндээ хэлчихсэн гэж бодож санаад будлиад байх үе олон тохиолддог. Ярианы хурд сэтгэл хөдлөлтэй холбоотой байх.



-Телевиз, реклам, постер, киноноос харахад та их өвөрмөц нүдтэй. Одоо яах бол гэдэг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Дүрээ бүтээхэд нүд, харц чухал байх даа?

-Нүд бол сэтгэлийн толь. Жүжигчний харц үйлдлээр дамжин үзэгчид түүний дотоод сэтгэл рүү нэвтрэн ордог. Багш маань “Чи сайн жүжиглэе гэж битгий бод, үнэн тоглоё гэж бодоорой” гэж хэлсэн. Амьдрал дээрээ ч үүнийг зарчмаа болгодог. Үнэн амьдарвал өөрт амар. Буруугаа хүлээдэг, чадах, үгүйгээ хэлчихдэг байх нь сэтгэлийг амар, хөнгөн болгодог. Дэлгэцэнд гоё сайхан харагдах нь хэдий чухал ч үнэн байх нь илүү амттай. Жишээ нь “Гладиатор” кинонд Ромын хүчирхэг баатар дүүжлэгдэж хөнөөгдсөн эхнэрийнхээ хөлийг үнсэхэд хамраас нь гоожсон нус нарны туяанд гялтайж харагддаг. Тэр жүжигчин энэ хэсэгт үнэн амьдарч чадсан учраас үзэгчдийн зүрхэнд хоногшин үлдсэн. Хэрвээ сүрлэг баатрын гансарсан сэтгэлийг тоглосон бол энэ кино хог болох байсан.


-Та үзэл бодлоосоо, зорьсон зүтгэснээсээ няцаж кино хийж байсан уу?

-Уран бүтээлч хүн амьдралдаа санаанд байгаа шигээ олон бүтээл хийж амждаггүй байх. Ялангуяа кино урлаг бол бүх урлагийн дотроос хамгийн их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан урлагийн салбар. Тийм ч учраас хийж байгаа бүтээлээ чанартай, сайн, хүний сэтгэлд хүрсэн бүтээл байгаасай гэж хүсдэг. Манай хөргөгч хоосон байсан ч муу кинонд тоглохгүй, хийхгүй гэж эхнэртээ нэг удаа хэлж байсан минь санагдаж байна.

Нэг киноны санал ирлээ. Зохиол нь үнэхээр муу юм. Продюсер нь маш их мөнгө ажлын хөлсөнд төлье гэж санал болгож байна. Татгалзлаа. Дараа нь тэр киног үзээд тоглоогүй нь болжээ гэж бодсон. Харамсаагүй. Нэг удаа найруулагч Ж.Сэнгэдорж бид хоёр кино хийхээр болоод Хятадын нэг продюсертай уулзлаа. Тэд гурван нөхцөл тавьж байна. Эхнийх нь миний тоглох гол дүрийг авъя гэхэд нь “За яахав” гээд зөвшөөрлөө. Удаах нь дайснаа өөрчил гэхэд нь бас зөвшөөрлөө. Гурав дахь нь найруулагчаа соль, манай талын найруулагч киног найруулна гэхэд нь бид 2 татгалзаад харьж билээ. Нэгт Монгол найруулагч найруулж байж, Монгол кино болно шүү дээ. Хоёрт найзаараа киногоо найруулуулна гэсэн амандаа хүрэх гэж тийм шийдвэрт хүрсэн хэрэг. 1.5 сая гаруй долларын төсөвтэй кино байсан.


-Хүн аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо эх орныхоо нэрийг боддог. Та ч бас тэгж. Монгол хүн гойд нэрээ хичээдэг, нэрэндээ хамгийн их хайртай санагдах юм?

-Мэдээж нэрээ хайрлана. “Хүний газар нэрээ бод”, “Өөрийн газар хүний хүнийг хайрла” гээд сайхан сургаал үгс байдаг даа. Бид спорт, дуурь, балетаараа дэлхийн түвшинд оччихсон байх, харин кино урлагийн хувьд асар хол хоцорчихсон яваа.


Энд нэг зүйлийг онцлоход, Холливууд Монголд ирж кино хийнэ гэдэг бараг боломжгүй. Манайд зураг авах боломжтой хоёроос гуравхан сарын хугацаа байдаг. Бидэнд дэлхийн киночдын ашигладаг шиг студи байхгүй. Манай улсын дэд бүтэц хараахан том кино хийх, тэдний шаардлагыг хангах хэмжээнд хүрээгүй байна. Ирэхдээ хүрвэл тэд хаана ч байхгүй ховор, өвөрмөц location-ийг зорьж ирнэ. Жишээ нь Цаатны амьдрал, Социалист бүтээн байгуулалтын хэрэглэгдэхүүнүүд гэх мэт. Саяхан, Солонгосчууд Ардчилсан Солонгосын тухай кино хийхдээ манай төмөр замыг ашиглаж зураг авсан. Нэрт жүжигчин Сицил дэ Франц-н тоглосон цаатангуудын амдралыг харуулсан кино үүнийг батална. Бид өөрсдөө үүнийгээ ашиглаж кино хийхгүй бол удахгүй цаа буга ч сонин биш болно. Нэг жишээ дурдахад би, “Марко Поло” киноны зураг авалтыг хийсэн Pinewood студийн продюсераас яагаад “Марко Поло”Монголд биш Казахстанд хийж байгааг асуухад, “Монголд нэг өндөг 25 цент, Казахстанд 4 цент... Кинонд ажиллаж буй хэдэн зуун хүнд машин гаргаж өгдөг, энэ түгжрэлд бид маш их цаг хугацаагаа алдана. Казахстанд “Мосфильм” байна, Монгол кино үйлдвэргүй, киноны дэд бүтэц хөгжөөгүй. Таван одтой буудал төд байх ёстой гэхчлэн хариулж байна. 


Гэхдээ “Контент бол Хаан”. Нэтфликс үзэгч нь хаана байна тийм киног л авч байна. Бид өөрөөр сэтгэж сайн контент хийвэл боломж бий. Сэтгэлээр унах хэрэггүй. Бас нэг жишээ дурдъя. Найруулагч Б.Баатарын “Монгол Хаан” жүжиг дэлхийн тайзанд тоглогдож, найруулагч Зорогийн “Баавгай Болохсон”, найруулагч Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” кинонууд Канн, Венецийн шагналыг хүртлээ. Энэ бол бидэнд ямар их боломж байгааг харуулж байна. Монголын киночид арилжааны кино хийж дэлхийн зах зээлд борлуулах тал дээр илүү анхаарах ёстой гэж боддог.



-Та спортоор долоо хоногт хэдэн удаа хичээллэдэг вэ?

-Энэ тал дээр янз бүр. Спортыг ямар дүрд тоглох гэж байна тэрэндээл зориулж ашигладаг гэхүү дээ. “Марко Поло” кинонд тоглохдоо 85кг-аас 100кг болж байсан. Нэг хэвийн биетэй байх боломжгүй л дээ. Тухайлбал, “Итгэл” кинонд цусны хорт хавдартай, өвчтэй хүний дүрд тоглосон учир 97кг 77кг болж турсан бол “Хохирогч” киноны эрдэмтний дүрд таргандуу болсон гээд тухайн дүрдээ зориулж биеэ бэлддэг.


-Монголын кино урлагийнхан одоо яг хааш тэмүүлбэл зохистой талаар Таны бодол?

-Монголчууд бол дэлхийн газрын зураг дээр ганцаараа шахам байж ч үзсэн, мөн тэр газрын зураг дээрээсээ арчигдаж ч бас үзсэн, бөмбөрцгийн түүхийг өвөртөлж хадгалсан эртний түүхт дэлхийд ховорхон байдаг нэг цул ард түмэн. Цэвэр Монгол үндэстнээрээ байгаа азтай, ховор тавилантай, дэлхийд цөөн улсын нэг. Бид эх орноо, эх хэлээ, элэг нэгтнээ хайрлаж, эв нэгдэлтэй байж чадвал хаа ч хүрэх боломжтой. Биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа. Энэ улсын кино салбарт ажиллаж амьдарна гэдэг бол их хувь заяа билээ.


Ах дүү Люмер нар анхны киногоо хийснээс хойш 30-хан жилийн дараа Монголчууд эхний киногоо хийсэн кино урлагийн эртний соёлтой ард түмэн. Манай кино урлаг 100 жилийн баялаг түүхтэй. Монголын түүх, Монголчуудын зан заншил, аж байдал, нүүдэл соёл бол дэлхийн киночдын хайдаг сэдэв, санааг нуусан хясаа юм.

Нэрт найруулагч Стивен Спийлберг тэртээ 1900-аад оны эхэн үед Монгол аялаж байсан палетологич Рое Чапман Эндрүсийн “Хөх Тэнгэрийн Хязгаарт” номоос сэдэвлэн “Индиана Жоннс” цувралаа бүтээсэн нь үүний нэг жишээ юм.

Связанные новости