Цаглашгүй гэрэлт мэргэдийн гэгээн оюуны хур “Мэргэд гарахын орон”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2025-10-01 13:14:58

-Олон улсын орчуулагчдын өдөрт-

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 9-р сарын 30-ны өдрийг Олон улсын орчуулагчдын холбооноос аман болон бичгийн орчуулгын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан одоогоор мэдэгдээд буй, орчуулгын онолын дэлхийн анхны номын тухай мэдээллийг хуваалцаж байна.  

Орчуулгыг хүн төрөлхтөн үүссэн цаг үетэй холбож үздэг бол орчуулгын онолыг  20-р зуунд үүссэн гэж үздэг. Тэгвэл Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад бүртгэлтэй 7 дурсгалын нэг “Мэргэд гарахын орон”-г нүүдэлчин монголчууд 18-р зууны эхний хагаст зохиожээ.

Монголчууд 14 дүгээр зуунаас санскрит төвөд, перс, уйгар зэрэг хэлээс ном судар тэр тусмаа Буддын гүн ухааны номыг орчуулж байв.

Хэдийгээр монголын орчуулагч гүүш нар гадаад хэлээс арвин их зохиол бүтээлийг орчуулж ирсэн туршлагатай ч, нэг хүн ганцаар хийхээргүй Ганжуур, Данжуур зэрэг төр шашны том том бүтээлийг орчуулахад зайлшгүй хэрэгцээт нэр томьёог оноон тогтоох, орчуулах зарчмаа жигдлэх хэрэгцээ зүй ёсоор тулгарчээ. Өөрөөр хэлбэл, эртний их хөлгөн судар “Ганжуур”-ыг орчуулсны дараа газар газрын гүүш орчуулагчдын оноосон нэр томьёо харилцан адилгүй байсан байна. Чухам тиймээс л орчуулгын нэр томьёог оноож тогтоосон “Мэргэд гарахын орон” номыг зохиосон түүхтэй ажээ.

Энэхүү толийг Монголын гуравдугаар Жанжаа Хутагт Ролбийдорж тухайн үеийн эрдэм чадалт 26 мэргэн орчуулагч, бичээчийг ахлан 1742 онд бүтээжээ. Буддын 10 ухааны ном Данжуурыг орчуулахаар хийсэн энэхүү бэлтгэл нь хожим уг хөлгөн судрыг орчуулснаас ч урт хугацаа зарцуулсан гэдэг.

Ийнхүү бүтсэн “Мэргэд гарахын орон” толь бичгийг монголын өнцөг булан бүрийн орчуулагчдад түгээн орчуулгын цааз болгон тогтоосон байдаг бөгөөд тус номонд орчуулах эрдмийн 16 зарчмыг бичжээ гэж ихэнх судлаач үзжээ.

Тухайлбал,

Зарим газар өгүүлбэрийн утга санаанд гэм үл болох үгийг орхиж, зарим газар утга тодруулах үг нэмж болно.

 Олон утгаар ойлгож болох үгийг тун сайн нягталж байж авах хэрэгтэй хийгээд таарах үг олдохгүй бол эх зохиолын үгийг авч болно.

 Оноосон нэрийг орчуулахдаа эх зохиолын нэрийг тэр чигээр нь тавиад ар талд нь юуны нэр гэдгийг бичнэ.

 Зохиогчийн санааг алдагдуулж болохгүй, сайжруулах нэрээр хүний зохиолыг засаж үл болно.

 Зохиолчийн далд утгатай бичсэнийг ил утгатай болгох хэрэггүй.

 Шүлэг орчуулахдаа толгой холбох нь зүйтэй боловч, толгой холбосноор олон үг ордог болохыг анхаарууштай гэх мэтээр  орчуулгын ерөнхий зарчим, онолын асуудлыг тайлбарлахын зэрэгцээ орчуулагчид тавих шаардлагыг ч хөндсөн байдаг тухай судлаачид /доктор Ц.Шүгэр, Ш.Эгшиг, Б.Энхбаяр/ тэмдэглэсэн байдаг.


Монголын гүүш эрдэмтдийг энэхүү толь бичгийг туурвихад хүргэсэн “Ганжуур, “Данжуур” хөлгөн судрууд нь тухайн үеийн монголын гүүш орчуулагч эрдэмтдийн чадал чансааг харуулсан бүтээлүүд юм. Тиймээс "Мэргэд гарахын орон" бүтээлийг цаглашгүй гэрэлт мэргэдийн оюуны хур хэмээн дээрх эрдэмтэд бахархан тэмдэглэжээ. 

Буддын гүн ухаан нь Их хөлгөний уламжлалаар дэлгэрч, дэлхий дээр гурван хэлээр л бүрэн орчуулагдсаны нэг нь монгол хэл юм. Зүүн өмнөд Азийн орнуудад уйгур, тай, хотон, манж хэлээр бүтээсэн “Ганжуур”-ууд байдаг ч тэдгээрт бурхан багшаас хойших мэргэдийн бүтээл багтаагүй байдаг аж.

Ганжуур нь бурхан багшийн аман зарлигийн чуулган бол Данжуур нь Ганжуурын тайлбар буюу бурхан багшийн аман зарлигийг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан таниулсан бүтээл юм.

“Мэргэд гарахын орон” номын анхны модон барыг Бээжинд олон хувь хэвлэсэн ч хадгалагдаж үлдээгүй. Харин хувьсгалын дараа, Судар бичгийн хүрээлэнгээс 1924 онд Буриадын Агын дацанд захиалан “Мэргэд гарахын орон” номны 378 ширхэг модон барыг дахин сийлүүлжээ.

Энэ нь Судар бичгийн түүхнээ алтан үсгээр бичигдэх үйл болсон бөгөөд энэхүү “Мэргэд гарахын орон” номны модон бар нь монголчуудын төдийгүй, Ази дорно дахины орнуудын ном хэвлэлийн түүхэн уламжлалын гэрч болон Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй соёлын үнэт өв юм.


Связанные новости