Хэнтий аймагт нүүлгэн шилжүүлэлт, дуурайлган үзүүлэх дадлага сургууль болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-27 10:31:54

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн гурав дахь өдөр нүүлгэн шилжүүлэлт, дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж 2000 гаруй иргэнийг хамруулжээ.


Нүүлгэн шилжүүлэх дадлага нь гамшгийн үед хүн амыг аюулгүй газарт яаралтай, зохион байгуулалттай нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг биечлэн хэрэгжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан уялдааг бодитоор турших зорилготой. Дадлага сургууль 08:00 цагт эхэлсэн бөгөөд түр цуглах талбайд цугласан иргэдийг бүртгэлжүүлэн, зааварчилгаа мэдээлэл өгсний дараа аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлсэн аж. Энэ нь аливаа болзошгүй гамшгийн үед иргэдийг аюулгүй, хурдан шуурхай нүүлгэн шилжүүлэх чадавх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг бодит нөхцөлд турших зорилготой юм.


НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжлийн экспертүүд нүүлгэн шилжүүлэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллаж, олон улсын аргачлал, стандартад нийцүүлэн заавар зөвлөмжийг өгсөн нь энэ сургуулилтын онцлог буй. Мөн нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулилтыг газар хөдлөлтийн улмаас нурсан барилгын орчныг загварчилсан нөхцөлд хийж үзүүлжээ. Энэхүү сургуулилтаар аврагчид нурангид дарагдсан иргэдийг эрэн хайж, аврах ажиллагааг явуулан эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, аюулгүй бүсэд шилжүүлэхэд аврах ажиллагааны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах, холбоо зохион байгуулалт, удирдлага, эмнэлгийн байгууллагын уялдаа холбоог хэрхэн хангах чиглэлээр хамтран ажиллажээ.


Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, орон нутгийн иргэд идэвхтэй оролцож гамшгийн үед хариу арга хэмжээ авах иргэд, байгууллагуудын бэлэн байдал, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн чухал дадлага туршлага болсон ажээ.




 

Связанные новости