К.Ковентри ОУОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-23 20:14:12

ЛОЗАННА, 2025 оны зургаадугаар сарын 23 /DW/. Өнөөдөр Швейцарын Лозанна хотод болсон ёслолын үеэр Олон улсын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах өөрийнх нь халааг авч буй Зимбабве улсын усанд сэлэлтийн тамирчин, 41 настай Кирсти Ковентрид тус хорооны төв байрны бэлгэдлийн түлхүүрийг гардуулан өглөө.


Т.Бах хэлэхдээ “би Олимпын хөдөлгөөнд өөрийн чадах бүхнийг өгсөн” гэв.


Өдгөө 71 настай Т.Бах 2013 оны 9 дүгээр сарын 10-наас хойш 12 жилийн турш ОУОХ-ны тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгч байна. Өнгөрсөн он жилүүдэд тэрбээр сэргээшийн дуулиан, коронавирусний цар тахал, Оросын тамирчдын эрхийг хассан гэх мэт олон сорилт бэрхшээлтэй тулгарсан юм. Оросын удирдагч В.Путинтэй найрсаг дотно харилцаатай, Хятадад хүний эрхийг зөрчиж байгаад зөөлөн ханддаг хэмээн шүүмжлүүлсээр ирсэн Т.Бахыг ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгчөөр сонгожээ.


Усанд сэлэлтийн Олимпын хошой аварга, Зимбабвегийн Спорт, соёл урлагийн сайд К.Ковентри Грект болсон ОУОХ-ны 144 дүгээр чуулганы шийдвэрээр 3 дугаар сарын 20-ны өдөр ОУОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Долоон хүн өрсөлдсөн санал хураалтын эхний шатанд тус хорооны гишүүн 97 хүний 49-ийнх нь саналыг авч чадсан тэрбээр уг албыг хаших анхны эмэгтэй, Африк тивийн анхны төлөөлөл болсон юм. Түүнийг томилогдсоны дараа Германы спортын мэдээллийн SID агентлаг “Т.Бахын бодлогыг үргэлжлүүлэх хүн гарч ирлээ” хэмээн бичиж байв.   


К.Ковентри хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөий улмаас улс орнуудын шигшээ багуудыг Олимпын тоглолтод оролцуулахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, Африкийн хэд хэдэн улс ийм байдалд ороод байгааг дурдсан юм. Мөн Оросын цэрэг Украинд халдан довтолсон энэ үед Оросын Олимпын шигшээ багийг 2024 оны Парисын Олимпод оролцуулаагүй билээ. Гэхдээ дайныг дэмжээгүй Оросын тамирчдад бие даасан статустайгаар, улсынхаа далбааг барихгүйгээр Олимпод оролцохыг зөвшөөрсөн юм. Politico сонинд бичсэнээр, К.Ковентригийн дээрх мэдэгдэл нь 2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадамд Оросын шигшээ баг оролцоно гэсэн үг биш ажээ.   

Связанные новости