Оросын жүдочид төрийнхөө далбаан дор тэмцээнд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-27 17:35:57

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /РИА Новости/. Олон улсын тэмцээнүүдэд үндэснийхээ бэлгэдлийн дор оролцох эрхийг Оросын жүдочдод сэргээн олгох нь зүйтэй гэсэн саналыг Олон улсын жүдогийн холбооны /IJF/ Гүйцэтгэх зөвлөл дэмжжээ.  


“Беларусийн тамирчдад үндэсний бүрэн төлөөллийг нь сэргээн олгосонтой холбогдуулан Оросын тамирчдад мөн ижил нөхцлөөр тэмцээнд оролцохыг зөвшөөрөх нь зүйтэй хэмээн Олон улсын жүдогийн холбоо үзэж байна. Түүхэн үүднээс Орос бол жүдогийн ертөнцөд тэргүүлэгч улсуудын нэг байсаар ирсэн бөгөөд тус улс эргэн ирснээр шударга ёс, хүртээмжтэй байдал, хүндэтгэл гэсэн Олон улсын жүдогийн холбооны зарчмуудын үндсэн дээр бүх түвшний уралдаан тэмцээнүүдийн агуулгыг баяжуулна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлсэн байна.


Мөн “спорт бол хүнд хэцүү хямралын үед хүмүүс ба үндэстнүүдийг холбодог сүүлчийн гүүр мөн” гэдгийг IJF онцлон дурдлаа.


Оросын жүдочид 28-ны өдөр эхлэх Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс эхлэн төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болж байна.  


Энэ оны зургаадугаар сард ОХУ-ын Спортын сайд Михаил Дегтярев Будапешт хотноо болсон ДАШТ-ийг үзэх явцдаа Олон улсын холбоодын ерөнхийлөгч нар, ОУОХ-ын зарим гишүүдтэй уулзсан юм. Уг тэмцээнд Оросын тамирчид бие даасан статустайгаар оролцсон билээ. Сайд Дегтярев тэмцээний зохион байгуулалтыг өндрөөр үнэлж, бүтээлч байр суурь баримталж буй IJF болон тус холбооны тэргүүн Мариус Визерт талархлаа илэрхийлээд “спорт бол улс төрөөс ангид байх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.  


2022 оны хоёрдугаар сард ОУОХ-ноос олон улсын спортын холбоонуудад хандан Оросын тамирчдыг уралдаан тэмцээнүүдэд оролцуулахгүй байхыг зөвлөмж болгосон юм. Үүний дагуу ихэнх холбоод Оросын тамирчдад хориг тогтоосон байна. Хэсэг хугацааны дараа ОУОХ-оос “хоригоо зөөлрүүлж, Оросын тамирчдыг бие даасан статустайгаар тэмцээнд оролцуулахыг” зөвлөмж болгожээ. 

Связанные новости