ХӨВСГӨЛ: Зусланд амарч буй хүүхдүүдэд зөөврийн номын сангаар үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-20 13:23:07

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. МУСГЗ Далантайн Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан "Уран дөш" зусланд амар буй хүүхдүүдэд зөөврийн номын сангаар үйлчилж байна.


Амарч буй хүүхдүүдэд зориулан номын үзэсгэлэн гаргаж, уншсан ном зохиолоо бусдадаа хуваалцах, нүүдэлчин тоглоомоор тоглох, асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулжээ.



Хүүхэд багачуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг "Уран дөш" зуслан хоёр дахь ээлжийн амрагч хүүхдүүдээ хүлээн авсан байна.


Нэг ээлждээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай тус зуслан энэ жил амрагч хүүхдүүдэд зориулан хувь хүний хөгжил, урлаг спорт, монгол өв уламжлал, англи хэл, авьяас чадварыг хөгжүүлэх олон хөтөлбөрийг багтаасан байна.


Тухайлбал, монгол ахуй, соёлын хөтөлбөр, англи хэлний хөтөлбөр, волейболын мэргэжлийн багшийн сургалт, бүжиг, уншлагын цаг, явуулын номын сангийн үйлчилгээг үзүүлж байна.


"Уран дөш" зуслан 1980 онд үүдээ нээж, Хөвсгөл аймгийн сум бүрээс төдийгүй зэргэлдээ Булган, Орхон, Архангай, Завхан аймаг, Улаанбаатар хотоос хүүхэд багачууд зорин ирж, жилд 2000 орчим хүүхэд амардаг байжээ.


Харин энэ жилийн хувьд 7-8 ээлжээр нийт 1000 гаруй хүүхдийг амраахаар төлөвлөж байна. 



 

Связанные новости