Ишиба G7-гийн уулзалтын үеэр Трамптай уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-17 11:21:21

ТОКИО, 2025 оны зургаадугаар сарын 17 /TASS/. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба Канад улсад болж буй "Долоогийн бүлэг"-ийн /G7/ дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан боловч татварын асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.  


“Татварын асуудлаар Японы үндэсний ашиг сонирхолд нийцсэн гэрээ байгуулах боломжийг бид судалж байна. Бид Трамптай илэн далангүй ярилцаж, хэлэлцээг үргэлжлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа" гэж Японы Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдэгджээ. 


Тэрбээр цааш хэлэхдээ, одоогоор санал зөрөлдөөнтэй зарим асуудал байсаар байгаа тул бид худалдааны хэлэлцээний хүрээнд бүх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй байна" гэсэн байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 2-нд ихэнх улс оронд 10 хувь, худалдааны олон түншдээ өндөр татвар ногдуулснаас хойш түүний засаг захиргааны өндөр албан тушаалтнууд худалдааны түншүүдтэйгээ хэлэлцээ хийж эхэлжээ. Хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлсэн 75 орны бараанд ногдуулсан татвар хэрэгжиж эхлэх хугацааг Д.Трамп 90 хоногоор хойшлуулснаа дөрөвдүгээр сарын 9-нд мэдэгдсэн юм. 


Японы тал тарифаа эргэн харахыг АНУ-д удаа дараа уриалсан бөгөөд худалдааны хэлэлцээг мөн эхлүүлээд байгаа юм. Хоёр талын хэлэлцээнд Эдийн засгийн сэргэлтийн сайд Рёсэй Аказава Японыг төлөөлөн оролцож байна. 

Связанные новости