Путин, Зеленский нар Трампын энхийн төлөвлөгөөний талаар юу хэлэв?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-22 13:12:18

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /ABC News/. Орос, Украины удирдагчид Дональд Трампын энхийн төлөвлөгөөнд оролцож магадгүй гэдгээ мэдэгдэсэн хэдий ч уг төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн тухай ABC News суваг мэдээлжээ. 


Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины хувьд хамгийн чухал холбоотныхоо /ямар улс гэдгийг дурдсангүй/ дэмжлэгийг алдах уу, эсвэл “нэр төрөө” алдах уу гэсэн хүнд сонголттой тулгарч болзошгүйг анхааруулжээ. Ирэх долоо хоног “маш хүнд” байх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Владимир Путин Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа Москва "тайван замаар эцэслэн зохицуулах" 28 зүйлт төлөвлөгөөг яриа хэлэлцээны суурь үндэс болгон хүлээн авахад бэлэн байгаа боловч одоогоор нарийвчлан хянаж үзээгүй байна гэж мэдэгджээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ, ОХУ төлөвлөгөөний хувилбарыг энэ зун Аляскад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Трампын засаг захиргаатай хэлэлцсэн гэдгийг дурдаад, 28 заалт бүхий төлөвлөгөөг  "үндсэндээ шинэчлэгдсэн" гэж тодорхойлжээ.


Уг төлөвлөгөөнд “Украинд аюулгүй байдлын найдвартай баталгаа олгоно” гэж заасан бөгөөд үүнд НАТО-гийн баталгаа мөн багтсан юм.


Сүүлийн хэдэн долоо хоногт Украины тал их хэмжээний хохирол амсаж, Оросын цэргүүд шинэ газар нутгийг эзэлсний дараа энэхүү төлөвлөгөөг боловсруулсан байна. Дайн эхэлснээс хойш Украинд өндөр албан тушаалтнууд холбогдсон хамгийн том авлигын дуулианы улмаас Зеленский өөрөө хүнд шахалтад ороод байгаа юм.


Украинд дайныг зогсоох зорилго бүхий “энхийн төлөвлөгөө”-г В.Зеленский 11 дүгээр сарын 27-ноос хойшлуулахгүйгээр дэмжих ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп баасан гарагт буюу өчигдөр мэдэгджээ. 



Связанные новости