Н.Жокович Францын нээлттэй тэмцээний 100 дахь хожлоо авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-06-03 17:45:27

ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 3 /Xinhua/. Сербийн алдарт теннисчин Новак Жокович даваа гарагт Их Британийн тамирчин Камерон Норриг илүүрхсэнээр Францын нээлттэй тэмцээний /Ролан Гаррос/ ганцаарчилсан төрөлд 100 дахь хожлоо авчээ. 


Өдгөө 38 настай Н.Жокович уг тоглолтод 6:2, 6:3, 6:2 харьцаагаар хожсоноор 16 дахь жилдээ дараалан Ролан Гаррос”-ын шөвгийн наймд шалгарлаа. “Энэ бол маш сайхан тоо, гэхдээ 101 хожил гэвэл илүү сайхан сонсогдож байна. Би дахин нэг удаа ялахын төлөө үргэлжлүүлэн хичээх болно. Амьдралд минь бүх зүйлийг өгсөн энэ спортоор түүхэнд бичигдэх амжилт үзүүлж буй нь нэр төрийн хэрэг юм” гэж тэрбээр хэлжээ. 


Харин Нидерландын теннисчин Таллон Грикспур 6:4, 3:0 харьцаагаар хожигдож байхдаа бэртлийн улмаас тэмцээнийг орхисноор Германы теннисчин Александр Зверев сүүлийн найман жилийн хугацаанд долоо дахь удаагаа Францын нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарсан байна. Дэлхийн чансааг тэргүүлж буй Янник Синнерийн хувьд 17-д эрэмбэлэгдсэн Оросын теннисчин Андрей Рублевыг 6:1, 6:3, 6:4-өөр буулган авснаар дараагийн шатанд Казахстаны Александр Бубликтэй тоглохоор болжээ.


Эмэгтэйчүүдийн тэмцээний хувьд, дэлхийн чансааны 361-д бичигдэж буй 22 настай Францын теннисчин Лоис Буассон гуравдугаарт эрэмбэлэгдэж буй Америкийн Жессика Пегулаг 3:6, 6:4, 6:4-өөр хожсоноор 2017 оноос хойш Ролан Гаррос”-т шөвгийн наймд шалгарсан Францын анхны эмэгтэй теннисчин болжээ. Харин Парисын Олимпын алтан медальт Хятадын тамирчин Жэн Чинвэн мягмар гарагт дэлхийн чансааг тэргүүлэгч Арина Соболенкатай тоглоно.

Связанные новости