Цар тахалтай тэмцэх тухай хэлэлцээрийг батлахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2025-05-20 11:47:44

ЖЕНЕВ, 2025 оны тавдугаар сарын 20 /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) гишүүн улс орнууд Женев хотноо болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 78-р чуулганы үеэр цар тахалтай тэмцэх хэлэлцээрийг батлахыг олонхын саналаар дэмжжээ.


Чуулганд оролцсон 124 улсын төлөөлөгчид хэлэлцээрийг батлахыг дэмжиж санал өгсөн бол нэг ч улс эсэргүүцээгүй байна. Израил, Иран, Итали, Польш, Орос, Словак зэрэг 11 улс саналаа хураалтад оролцохоос түдгэлзжээ. Хэлэлцээрийг батлахын тулд 83 улс дэмжсэн санал өгөх ёстой байв.


“Reuters” агентлагийн мэдээлснээр,  уг хэлэлцээрийн төслийг тавдугаар сарын 20-нд буюу Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн нэгдсэн хуралдаанаар албан ёсоор батална. Гэхдээ халдвар үүсгэгч нян, вирусийн мэдээллийг солилцох тухай заалтуудыг улс орнууд тохиролцоогүй байгаа бөгөөд үүний дараа улс орнууд хэлэлцээрийг соёрхон батлах ёстой тул уг хэлэлцээр хүчин төгөлдөр болох хүртэл хоёр жилийн хугацаа шаардлагатай болж магадгүй байна. 


Цар тахалтай тэмцэх тухай хэлэлцээр нь ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байх, хариу арга хэмжээ авах чиглэлээр дэлхийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.


Хэлэлцээрийн төсөлд зааснаар, ДЭМБ-ын гишүүн улс орнууд халдвар үүсгэгч нян, вирусийн талаарх мэдээлэлд хандах системийг бий болгож, хамтран ашиглах, мөн вакцин, оношлуур болон цар тахалтай холбоотой бусад эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд шаардлагатай технологийг солилцон дамжуулахад харилцан дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ. 


Түүнчлэн хөгжиж буй орнуудад тусламж үзүүлэхэд чиглэсэн санхүүгийн зохицуулалтын механизм ба дэлхийн хэмжээнд нийлүүлэлтийн сүлжээг бий болгох асуудлыг тусгасан байна.



Связанные новости