Токиогийн хөрөнгийн биржийн индексүүд өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-01 16:08:40

ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 1 /AFP/. Шинжээчдийн таамаглаж байсанчлан Японы Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх шийдвэр гаргасны дараа Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлого огцом өөрчлөгдөж байгаагаас үүдэн тодорхойгүй байдал үүсээд байгаа энэ үед Японы Төв банк дээрх шийдвэрийг гаргасны дараа өнөө өглөөний арилжааны явцад Nikkei, Topix индексүүд өссөн байна.


Төв банк бодлогын хүүгээ 0.5 орчим хувьд хэвээр хадгалах шийдвэрийг ийнхүү хоёр удаа дараалан гаргасан боловч дэлхийн дөрөв дэх том эдийн засгийн өсөлтийн таамаглалыг хоёр дахин бууруулжээ. Тодруулбал, Японы ДНБ 2025 оны санхүүгийн жилд 1.1 хувиар өснө гэж таамаглаж байсныг 0.5 хувь болгож бууруулсан байна.


АНУ-ын эдийн засаг эхний улиралд 0.3 хувиар агшсаны улмаас эдийн засгийн хямралтай холбоотой болгоомжлол нэмэгдсэнээр Уолл-Стритийн хувьцаанууд огцом унажээ. Гэвч хэрэглээний зардлын гуравдугаар сарын үзүүлэлт урьдчилсан таамаглалыг давсны дараа өдөр гэхэд хувьцаануудын ханш аажмаар өссөн байна.


Д.Трампын татвар ногдуулах шийдвэрээс үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас олон компани орлогын таамаглалаа өөрчилж байгаа бол технологийн салбарт тэргүүлэгч Meta болон Microsoft компаниуд улирлын ашиг нь хүлээлтээс давсан гэж мэдээлжээ. Улмаар Facebook, Instagram, WhatsApp-ыг эзэмшдэг Meta компанийн хувьцаа дөрөв хувь гаруйгаар өссөн байна.


Nomura Securities” фирмийн стратегич Такаши Ито Bloomberg агентлагт мэдээлэхдээ, Америкийн мэдээллийн технологийн компаниуд орлого өссөн тухайгаа тайлагнасан нь электроникийн салбарт өсөлтийг авчрах төлөвтэй байна гэжээ. XTB компанийн судалгаа хариуцсан захирал Кэтлин Брукийн хэлснээр, лхагва гарагт Америкийн хувьцаанууд ДНБ-ий тааруу үзүүлэлтийн дараа гайхалтай сэргэж байна” гэв.

 


Связанные новости