Токио руу хийсэн агаарын довтолгоог харуулсан фото үзэсгэлэн нээгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 20 /NHK/. Дэлхийн II дайны үед Японы нийслэл рүү Америкийн арми агаарын дайралт хийсний дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудыг Токио хотод нээгдсэн нэгэн үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байна.
Аймшигт үйл
явдлаас хойш 80 жил өнгөрч байгааг тохиолдуулан Сүмида дүүргийн орон
нутгийн түүх, соёлын музейд эдгээр фото зургийг үзүүлж байгаа ажээ.
1945 оны гуравдугаар сарын
10-нд үйлдсэн агаарын довтолгоонд өртөн 100
мянга орчим хүн амиа алдсан гэж үздэг.
Анх удаа олон нийтэд үзүүлж буй гэрэл зургуудыг орон нутгийн нэгэн студиэс
авсан бөгөөд агаарын дайралтын улмаас учирсан гамшиг сүйрлийг тод томруунаар харуулжээ. Зургуудын нэгийг одоогийн Сүмида дүүргийн өмнөд хэсэгт байсан шатаж буй байшингуудын дэргэдээс авсан гэж үздэг. Нийт 53 үзмэрт газрын зургууд, амьд үлдсэн хүмүүсийн зурсан
зургууд багтжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагч Ишибаши Сэйши хэлэхдээ, гэрэл зургууд болон бусад үзмэр нь тухайн үеийн хүмүүсийн мэдэрч байсан зүйлийг үзэгчдэд харуулж чадна гэдгийг онцлоод, агаарын довтолгооны үеэр амьд үлдсэн хүмүүсийн туулж өнгөрүүлсэн үеийн талаарх ойлголтыг өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Үзэсгэлэн ирэх тавдугаар
сарын 25 хүртэл үргэлжилнэ.