Этиоп, Сомали улсууд дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АДДИС-АБЕБА, 2025 оны нэгдүгээр сарын 12 /AP/. Сомалийн Ерөнхийлөгч Хасан Шейх Махмудыг Этиопт айлчлах үеэр хоёр улс дипломат харилцаагаа сэргээх тохиролцоонд хүрчээ.
Х.Махмуд, Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед нар тус тусын
нийслэлд бүрэн эрхт дипломат төлөөлөгчийн газар байгуулах замаар хоёр талын харилцаагаа сэргээж бэхжүүлэхээр
тохиролцлоо гэж хоёр талын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд “хоёр орны
хооронд харилцан итгэлцэл, хүндэтгэлд суурилсан бат бөх хамтын ажиллагаа
өрнүүлэх” шаардлагатай байгааг талууд онцлон тэмдэглэжээ.
Хоёр орон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы
зуучлалаар найрамдлын хэлэлцээр байгуулснаас хойш ердөө нэг сарын дараа дипломат
харилцаагаа сэргээх тохиролцоонд ийнхүү хүрч байна.
Далайд гарцгүй Этиоп улс өнгөрсөн оны нэгдүгээр сард Сомалийн
салан тусгаарласан бүс нутаг Сомалиландтай гэрээ байгуулснаас хойш Зүүн
Африкийн хоёр хөршийн харилцаа хурцдаад байсан юм.
Х.Махмудын бямба гарагт хийсэн айлчлалын үеэр талууд Туркийн зуулчлалаар 12 дугаар сарын эхээр байгуулсан гэрээг тууштай хэрэгжүүлж, найрамдал, эв санаа нэгдлийг бэхжүүлэхээ дахин нотолжээ. Мөн худалдааг гүнзгийрүүлэх, “хэт даврагч зэвсэгт бүлэглэлүүд”-ийн эсрэг хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна.