Засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хуулийн төслийг Сенат дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-11-11 16:39:49

ВАШИНГТОН, 2025 оны арванэгдүгээр сарын 11 /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим засгийн газрын санхүүжилтийг 2026 оны нэгдүгээр сарын 30 хүртэл үргэлжлүүлэх тухай хуулийн төслийг баталжээ.


АНУ-ын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт буюу шатдауныг зогсоох зорилготой уг хуулийн төслийг Сенатын гишүүдийн 60 нь дэмжиж, 40 нь эсэргүүцжээ. Уг баримт бичгийг одоо Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлнэ. Хэрэв доод танхим төслийг баталбал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. 


Сенатад олонхын суудал эзэлж буй Бүгд найрамдах намын гишүүдээс Рэнд Пол (Кентакки муж улсаас сонгогдсон) уг хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн санал өгсөн байна. Харин Ардчилсан намын долоон сенатч, нэг бие даагч гишүүн уг төслийг дэмжжээ. Өмнө нь Сенат засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хуулийн төслөөр нийт 14 удаа санал хураалт явуулсан боловч баталж чадаагүй юм.


Эрх баригч Бүгд найрамдах нам болон сөрөг хүчний Ардчилсан намын төлөөлөгчид засгийн газрын үйл ажиллагааны зогсолтыг дуусгах арга хэмжээнүүдийн талаар 11 дүгээр сарын 9-нд тохиролцжээ. Энэхүү хуулийн төсөлд зааснаар, засгийн газрын санхүүжилтийг нэгдүгээр сарын эцэс хүртэл сунгахаас гадна, Хөдөө аж ахуйн яам, Ахмадын хэрэг эрхлэх яамны 2026 оны санхүүгийн жилийн төсөв, мөн цэргийн зориулалттай барилгын төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг тусгасан байна. Мөн төрийн албан хаагчдыг халсан зарим шийдвэрийг цуцлах, түүнчлэн 12 дугаар сарын дунд үеэс өмнө эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулахаар тохиролцжээ.


АНУ-д одоо үргэлжилж буй шатдаун ирэх оны төсвийг Конгресс батлаагүйгээс шалтгаалан 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд тус улсын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдаун болж, 2018-2019 онд Д.Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаанд тогтоосон рекордыг эвдсэн байна. Тухайн үед 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө эхэлсэн шатдаун 35 дахь өдөртөө буюу 2019 оны нэгдүгээр сарын 25-нд дуусаж байжээ.





Связанные новости