С.Уильямс Сингапурын тэмцээний сүүлчийн тойрогт тоглох боломжгүй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-10-18 13:54:23

ЛОНДОН./BBC/. Дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байгаа Америкийн теннисчин Серена Уильямс мөрөндөө гэмтэл авсны улмаас Сингапурт болж буй WTA буюу Дэлхийн эмэгтэй теннисчдийн холбооны шилдгүүдийн тэмцээний шувтаргын тойргийн тоглолтод оролцох боломжгүй боллоо.

7 сая долларын шагналын сантай энэ тэмцээнд цаашид оролцох боломжгүй болсон тухайгаа ярьсан дүрс бичлэгээ тэрбээр фейсбүүк хуудсандаа байрлуулжээ.

“Гэмтэл бэртлээс үүдэн 2016 он миний хувьд их л хүнд хэцүү жил болж байна. Хэрвээ дараагийн улиралд тоглохыг хүсч байвал гэртээ суугаад мөрөө эмчлүүлэх хэрэгтэй гэж эмч маань надад хэлсэн” гэж С.Уильямс ярьж байна.

9 дүгээр сард болсон АНУ-ын Нээлттэй тэмцээний хагас шигшээ тоглолтод хожигдсоноор дэлхийн номер нэг теннисчин гэгдэж байсан түүний чансаа доошилсон юм. Үүнээс нэг сарын өмнө тэрбээр "Рио-2016" Олимпын наадмын тэмцээний 1/8 шигшээд хожигдсон нь дуулиан тарьж байсан билээ.

Одоо Серенагийн оронд Их Британийн тамирчин Жоанна Конта WTA-гийн тэмцээнийг үргэлжлүүлэх бололтой. Дэлхийн найман шилдэг эмэгтэй теннисчид оролцдог уг тэмцээн дуусахад зургаан хоног үлдээд байна.

Б.Адъяахүү

Связанные новости