БУЛГАН: Буриад дээлийн шаглаа бүр учир утгатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган,2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Буриад дээлийн шаглаа бүр учир утга илэрхийлдэг бөгөөд буриад хүнийг дээлээр нь "уншиж" болно.
Дээлийн энгэр хурц өнгийн гурван эмжээртэй. Дундах эмжээрийг хар хилэнгээр, доод эмжээрийг улаанаар эмжинэ. Харин хамгийн дээд талын эмжээрийн өнгө нь тухайн хүний үндсэн овгийг илэрхийлнэ.
Эрэгтэй дээлийн гурван оёдлыг дээд, дунд, доод тэнгэр гэх бөгөөд хижээл насны хүний нударга том, залуу хүний нударга арай бага байдаг.
Эхнэр хүний хамган дээл – уужтай, энгэртээ гоёлгүй
Эхнэр болоогүй охины басган дээл – энгэр нь гоёл, зүүсгэлтэй
Хөвгүүн дээл – хоёр ханцуйндаа эмжээртэй
Эхнэртэй эрэгтэйн дээл - нэг ханцуйндаа эмжээртэй байдаг онцлогтой.
Буриад
монголчууд Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад, Эрхүү
мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойрог, БНХАУ-ын
ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж
байна.
Орос дахь буриадууд 1939 оноос кирилл бичиг хэрэглэж эхэлсэн. Дорнод аймгийн буриадууд Агын аман аялгаар, Хэнтий аймгийн буриад зон хорийн аялгаар, Сэлэнгэ аймгийн буриадууд хори, сонгоол, ашбагад аялгаар, Булган аймгийн буриадууд санагын аман аялгаар, Хөвсгөл аймгийн буриадууд зон түнхэний буриад аялгаар хэлэлцдэг. Бүсчлэн үзвэл Онон Улзын сав газрын буриадууд хорь, ага, хамниган, худир буриад аялгаар, Сэлэнгэ-Үүрийн голын буриадууд түнхэн-санагын сонгоол буриад аялгаар ярилцдаг байна.
