ДУНДГОВЬ: “Дундговио ногооруулъя” хөтөлбөр иргэдийг чанартай хүнсний ногоогоор хангах зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-22 15:50:31
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2021 оноос “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Говь нутагт тариалан эрхлэх нь тийм ч хялбар ажил биш, гэхдээ говийн хөрсөнд ямар ч төрлийн ургамал тариалж болдог төдийгүй, тийм хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо амт, чанар сайтай байдгийг Монгол Улсын гавъяат агрономич Чулууны Дамба онцолсон байдаг.


“Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөрийн хүрээнд тариалан эрхлэгчдэд хүнсний ногоо тариалах, жимсний мод тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр илүү мэргэшүүлэхийн тулд жил бүр сургалт зохион байгуулдаг.


Энэ жил “Ногоон ази” ТББ-ын зөвлөх багш, “Бялхам ивээл” ХХК-ийн захирал Ким Сон Чолийг урьж, газар тариалан, хүлэмж, хөдөө аж ахуй, жимсний мод тарьж ургуулах, өвөлжүүлэх агротехнологийн сургалтыг дөрөвдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тус сургалтад сумын 66 тариаланч, төрийн байгууллагын 54 албан хаагч оролцлоо.


Оролцогчдод хүлэмжийн аж ахуй эрхлэлтийн агротехнологи, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэний мод, бут тарих, арчлах, хөрс боловсруулах сэдвүүдийн хүрээнд цогц мэдээлэл өгч, өвлийн хүлэмж, хүнсний ногооны талбай дээр очин туршлага судалжээ.  




Дундговь аймагт тариалан эрхэлдэг 200 гаруй иргэн байна. Тэдний дунд чонон хармаг, алим, бусад жимс, жимсгэнийг нутагшуулан тарьж ургуулж байгаа болон өвлийн хүлэмжийн тариалалт хийж буй туршлагатай олон хүн буй. Тухайлбал, "Говийн хөгжил-Ногоон ирээдүй" ТББ-ын захирал Б.Нямсүх чонон хармаг жимсийг Дундговь аймагт нутагшуулсан бол ногоочин Б.Нармандах өвлийн хүлэмжийн тариалалт хийж байна. Мөн ногоочин С.Амарбаясгалан шинэ дэвшилтэт хүлэмж барих технологи нэвтрүүлсэн нь орон нутгийн хэмжээнд амжилтад хүрсэн сайн туршлага юм. Тиймээс сургалтад оролцогчид энэ үеэр дээрх тариалан эрхлэгчдийн сайн туршлагаас суралцсан байна.


Монгол Улсад өрнүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа экспортлогч орон болох зорилт дэвшүүлсэн.


Тиймээс аймгийнхаа иргэдийг чанартай, аюулгүй, шим тэжээлтэй хүнсний ногоогоор хангах хэрэгцээ байгаа. Говийн нөхцөлд усны хүрэлцээ, хөрсний онцлогоос хамааран төмс хүнсний ногооны борлуулах үнэ хангайгаас ирж буй болон БНХАУ-аас импортолж байгаа хүнсний ногооныхоос өндөр байдаг хэдий ч Дундговийн иргэд ямар ч эргэлзээгүй нутгийнхаа ногоочдын тарьж ургуулсан бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Өөрөөр хэлбэл орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногооны эрэлт их байдаг.


Тиймээс тус аймгийн ИТХ, ЗДТГ-аас тариалан эрхлэлтийг дэмжин хэрэгжүүлж буй “Дундговио ногооруулъя” дэд хөтөлбөр орон нутгийн хүнсний ногооны эрэлтийн тодорхой хувийг хангах, тариаланч өрхүүдийн эдийн засгийг нэмэгдүүлэх зорилготой. Дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан анхны сургалтад цөөн тариалан эрхлэгч оролцож байсан бол энэ жил 100 гаруй хүн оролцож байна. 


May be an image of 1 person, dais, newsroom and text



Связанные новости