ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийг ивээх сангаас зудад өртсөн малчин өрхүүдэд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-26 12:57:41

Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн зудад өртсөн малчин өрхүүдэд Хүүхдийг ивээх сангаас тусламж үзүүллээ.


Хүүхдийг ивээх сан олон улсын байгууллагуудын санхүүжилтээр Өвөрхангай, Увс, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймагт хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт сумын зудад өртсөн нийт 210 малчин өрхөд малын тэжээл, мөнгөн тусламж үзүүлэв. Тусламжид нэг сумаас 70 малчин өрх хамрагдсан бөгөөд өрх бүрд нийт 642 560 төгрөг бүхий тусламж үзүүлж байгаа бөгөөд үүнд 160 кг хорголжин тэжээл болон 500 000 төгрөгийн мөнгөн тусламж багтаж байна. Үүнээс гадна Говь-Алтай аймгийн нийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш нарт зориулан “Хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх арга зүй” сургалт зохион байгуулав. 


Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг Их Британийн Старт сан, Олон улсын Хүүхдийг ивээх сангийн хүмүүнлэгийн сан, Японы Хүүхдийг ивээх сан нийт 295 мянган ам.доллароор санхүүжүүлж байгаа юм.


Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр (2024. 02.25) нийт нутгийн 80,6 хувьд зудын нөхцөлд, үүнээс 21,8 хувьд төмөр зудын, 52,3 хувьд цагаан зудтай байгаа бөгөөд улсын хэмжээнд 2,9 сая мал хорогдоод байна. 


Ташрамд, Хүүхдийг ивээх сан 2016 онд зудад өртсөн сумдын малчин өрхийг дэмжих, 2018-2019 онд үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд боловсрол, нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь, 2018-2019 онд зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь, 2021 онд шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих, 2023 онд зудад өртсөн малчид, малчдын хүүхдүүдэд туслах, 2023 онд үерийн гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн гэр бүл, хүүхдүүдэд туслах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Связанные новости