ГОВЬ-АЛТАЙ: Алтайн сонгиныг түүж бэлтгэх, борлуулахыг хориглодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-09-02 07:33:51

Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Алтайн сонгино /Allium altaicum Pall/ түүж бэлтгэх, худалдахыг хориглохыг Байгаль орчны газраас анхааруулав. 


Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор Алтайн сонгиныг байгалийн ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг. Монгол алтайн нуруу түүний салбар уулс, нуруудаар Алтайн сонгино тархан ургадаг бөгөөд тус аймгийн ихэнх суманд ургадаг.


Энэ оны 7-8 дугаар сарын байдлаар Говь-Алтай аймгийн зах худалдааны төвүүдэд их хэмжээгээр хууль бусаар алтайн улаан хальст сонгиныг түүж бэлтгэн борлуулах зөрчил удаа дараа гарч байгаа юм. 


Дээрх зөрчил Есөнбулаг, Жаргалан, Цогт, Алтай, Халиун, Баян-Уул сумаас түүж бэлтгэсэн байдлаар зөрчил илэрч байна. Иймд сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг эргүүл хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэл өгөн ажиллаж байгаа тухай Байгаль орчны газраас мэдээлэв. 


Дашрамд, Алтайн сонгино нь ашиглалтын нөөцгүй ховор ургамал тул тарималжуулан ашиглах боломжтой юм. 

Связанные новости