Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-09 17:22:02

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзав.


Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун буйгаа сайд Б.Батцэцэг илэрхийлж, сүүлийн жилүүдэд болсон хоёр талын олон чухал айлчлал, уулзалтуудын үр дүнг онцлов. Тэрбээр энэ онд тохиож буй хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, харилцааны түвшинг ахиулахыг чухалчилж байгаагаа мөн тэмдэглэсэн юм.


Элчин сайд К.Кулитц дипломат харилцааны түүхт ойн жил хоёр орны харилцаанд ахиц гаргахын төлөө идэвх чармайлттай ажиллахаа илэрхийлж, төлөвлөсөн олон чухал ажил, арга хэмжээг үр дүнтэй хамтран хэрэгжүүлэхээ онцоллоо. Тэрбээр Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьсан бөгөөд 1992 оноос хойш ХБНГУ-аас Египет, Болгар, Австри, Конго, Нигер Улс дахь Дипломат төлөөлөгчийн газарт, мөн Чад, Афганистан Улсад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай.


Связанные новости