УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 29-31-нд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд оролцох талаар УИХ-ын хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбооны гишүүнээр элссэн бөгөөд тус бага хуралд тогтмол оролцож, дэлхийн парламентын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Энэ удаагийн Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд олон улсын 180 гаруй орны парламентын дарга, олон улсын байгууллагууд, судлаачид болон иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм.
Парламентын дарга нарын бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд парламентын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг дээд түвшний уулзалт юм.
Тус уулзалтад УИХ-ын
дарга Д.Амарбаясгалан оролцож, “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга
ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдэвт
хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн ардчилал, энх тайван, тогтвортой хөгжил болон
жендэрийн тэгш байдал зэрэг сэдвээр улс орнуудын парламентын дарга нартай санал
солилцох аж.