Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-29 14:18:29

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг залах ёслолд оролцсон талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллэв.


“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын 43 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталсан билээ. Энэхүү хууль нь Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг нь тодотгож, шинэ Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сахин мөрдөх зорилготой юм. Уг тогтоолоор Ардчилсан шинэ Үндсэн хуулийн үзэл санааг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, нийт байгууллага, иргэний үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх зорилгоор Үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан юм.


Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг сургалтын агуулгад тусган, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгосон. Энэ хүрээнд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны танхимд Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хүндэтгэлтэй заллаа. Тэрбээр, Үндсэн хуулиа дээдлэн залах нь зөвхөн ёслол хүндэтгэлийн агуулгаар хязгаарлагдахгүй гэдгийг дурдаад Үндсэн хуулийнхаа үзэл санаа, зарчмыг иргэн бүр ойлгон, дээдлэн биелүүлж, төрийн байгууллага, албан тушаалтан нь хэлбэрэлтгүй сахин мөрдөхөд мөн чанар нь оршино гэдгийг тодотголоо. Мөн Үндсэн хууль залах ёслол нь Увс аймгийн түүхт 100 жилийн ойтой давхцаж буйг онцлоод, шинэ Үндсэн хуулийг бүтээлцэхэд нөр их хувь нэмэр оруулсан нутгийн эрхмүүдийг алдаршуулан дурсав.


Түүнчлэн 126 гишүүнтэй, шинэ парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратегийнхээ хүрээнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, парламентын ил тод байдал, олон талт түншлэлийг сайжруулахаар тодорхойлсныг тэмдэглэлээ. Иймд Үндсэн хуулийн гол үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалж, улам бүр бататган бэхжүүлэх нь энэ удаагийн Улсын Их Хурлын эрхэм зорилт гэдгийг тодотгов.


Цаашид тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд бусад аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны танхимд Үндсэн хуулийг дээдлэн залах аж.







Связанные новости