Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал энэ сарын 24-нд тус улсын Ерөнхийлөгч Густаво Петро Уррегод Итгэмжлэх жуух бичиг өргөн барьсан талаар Гадаад Харилцааны яам мэдээлэв.
Итгэмжлэх жуух бичгээ барих ёслолын үеэр Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Колумби Улсын Ерөнхийлөгч Густаво Петро Уррегод уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, боловсрол зэрэг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч Густаво Петро Уррего Элчин сайд С.Золжаргалыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэн ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ нотолж, түүний хувьд монголын түүх, монгол морьдын талаар шимтэн сонирхдог талаараа дурджээ.