“Хил хязгааргүй номын сан” төслөөр 800 гаруй номын санчийг сургалтад хамруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яам Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоотой хамтран орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих зорилгоор 2022 оны есдүгээр сард нээж байсан “Хил хязгааргүй номын сан” төслийнхөө хаалтыг өнөөдөр хийв. Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр 21 аймгийн нийтийн төв номын сангийн фондыг баяжуулж, номын санчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулан, технологийн дэвшлийг ашиглан өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн номын сангийн мэргэжилтнүүдийн баг орон нутагт ажиллаж, эрэлт хэрэгцээнд тулгуурлан чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын фондыг баяжуулснаараа онцлогтой аж.
Австралийн ЭСЯ Монгол Улсад байгуулагдсан цагаасаа номын сан, боловсрол, мэдээллийн салбарт тасралтгүй хөрөнгө оруулж, Австралийн Засгийн газрын тэтгэлгийн төгсөгчдийн санаачилгаар номын сангийн шилдэг туршлагаас Монголд нэвтрүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр байгаа билээ. Тухайлбал, 2018-2019 онд нийслэлийн захын хороололд иргэний номын сангийн туршлага нэвтрүүлэх “Beyond Books” төсөл хэрэгжүүлсэн бол 2019-2020 онд Хүүхдийн төв номын санд Австралийн боловсрол, мэдээллийн төв “Australian Corner” танхимыг байгуулсан юм.
Төслийн хаалтад Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит оролцож үг хэлэхдээ, “Австрали Улсын хувьд энэхүү чухал үйл явдалд гар бие оролцож, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын номын сангуудад төслөө амжилттай хэрэгжүүлсэндээ баяртай байна. Төслийн хүрээнд 17 аймагт хүрч ажилласан. Орон нутгийн номын сантай биечлэн танилцах завшаан тохиосон. Мөн номын санчидтай уулзаж, тэднийг орон нутгийн иргэдэд номын соёлыг түгээхээр ажиллаж байгааг нь харахад сэтгэл их хөдөлж байлаа. Төслийн баг маань 800 гаруй номын санчийг сургалтад хамруулжээ. Австралийн нийтийн номын сангийн сайн туршлагыг Монголын номын санд нэвтрүүлэх боломж гарсанд талархаж байна. Та бүхний хүчин чармайлтын үр дүнд орон нутгийн иргэд илүү хүртээмжтэй, сайжруулсан номын сангийн үйлчилгээ авч байгаа гэдэгт бүрэн итгэж байна” гэв.
Тэгвэл уг төслийг хамтран хэрэгжүүлэгч Үндэсний төв номын сангийн захирал
Б.Ичинхорлоо “Төсөл маань жил хагасын хугацаанд үргэлжлээд, хаалтаа хийж байна. Үр
дүнд нь Улаанбаатар
хотын алслагдсан дүүргүүд болон орон нутгийн хүүхдүүд номын сандаа суугаад
унших номтой боллоо. Энэ бол нүдэнд үзэгдэж, гарт баригдах хамгийн бодитой үр
дүн юм. Хандиваар нас насны онцлогт тохирсон
ном цуглуулж чадсандаа баяртай байна. Хоёрдугаарт, Үндэсний номын сан бүх
нийтийн номын санг арга зүйгээр хангах үүрэг хүлээсэн боловч 21 аймгийн алслагдсан
номын сангуудад биеэрээ очиж туршлага хуваалцаж, сургалт явуулахад
хүндрэлтэй байсан. Үүнийг төслийн хүрээнд хийж чадлаа. Гуравдугаарт, онлайн
платформ хөгжүүлэх зорилго тавьсан. Түүндээ нэг алхмаар ойртлоо. Үүнийг
хөгжүүлэхдээ номын сангийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг зааж байгаа программыг
орон нутгийн бүх номын санд нэгдсэн журмаар мөрдөж, хэвшүүлэхийг зорьж
ажилласан. Энэ бүх зорилго маань тодорхой хэмжээнд биелсэн гэж бодож байна. Бид
цаашид уг ажлыг үргэлжлүүлэн авч явна гэсэн итгэлтэй байна. Дараагийн төслөөр хийж амжаагүй
бусад ажлаа хийх болно. Номын санд хүн бүр сэтгэлийн дуудлагаар орж үйлчлүүлдэг
боловч улсын төсвийн хамгийн ард нь хоцордог салбар юм. Тиймээс дээр дурдсан
платформыг хөгжүүлэхдээ номын санд олон нийтийн анхаарлыг хандуулах давхар
зорилготой. Номын санчдаа мэдээллээс хоцроохгүй байхад бидний хэрэгжүүлж буй
төслийн гол зорилго оршиж байна” хэмээн ярилаа.
Харин Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн “Уг төслийг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн бүх хүнд чин сэтгэлээлээ талархал илэрхийлье. Ялангуяа бидний хэрэгжүүлсэн төслийг дэмжиж, цаг алдалгүй олон нийтэд мэдээлж байсан үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, МҮОНРТ, gogo.mn сайтын хамт олонд тусгайлан талархсанаа илэрхийлж байна” гэв.