Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам долоо дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2025” наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор маргааш Улаанбаатар хотод эхэлнэ.
Гурван өдөр үргэлжлэх энэ наадамд Япон, БНСУ, БНЭУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан зэрэг 11 орны 170 уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 13-15-нд гадаадын болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, Азийн орнуудын үндэсний хувцастай парад, үзүүлэх тоглолт болохын зэрэгцээ гар урлалын үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах аж.
Долоо дахь жилдээ болж буй Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд Улаанбаатар хотноо “Азийн ардын урлагийн наадам” нэртэйгээр, 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулж байсан юм. Энэхүү наадам нь гадаадын жуулчид төдийгүй монголчуудад Азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог байна.
Связанные новости

