ДОРНОГОВЬ: Жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн төвийг ашиглалтад орууллаа

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
erdenebulgan@montsame.mn
2023-10-26 12:41:56

Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод Жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн төв ашиглалтад орлоо.


Дээрх  ажлыг орон нутгаас дэмжиж Сайншанд сумын долоодугаар багт дөрвөн га газрыг шийдвэрлэж өгсөн бөгөөд улсын төсвийн 250,0 сая.төгрөгийн хөрөнгө оруулалтаар “ЭМ ЖИ ДИ” ХХК байгуулж ашиглалтад хүлээлгэн өгчээ.


Орон нутгийн жимс жимсгэнийн эх ургамлын плантаци байгуулах ажлыг 2023 оны зургаадугаар сарын 19-нд эхэлж, 10 дугаар сарын 23-нд гэрээнд заасны дагуу амжилттай хэрэгжүүлэн ХХААГ-т хүлээлгэн өгсөн байна. Үүнд хүлэмж, гүний худаг, 20 тонн усны сав, зөөврийн орон сууц, бусад багаж хэрэгсэл болон улиас, хайлаас, долоон төрлийн 1500 ширхэг жимс, жимсгэний суулгац  багтжээ.


Жимсгэнийн суулгац, үржүүлгийн талбайтай болсноор орон нутагт жимс жимсгэнийн тариалан эрхлэгчдэд суулгац үр нийлүүлэх, тэднийг мэргэжил арга зүйгээр хангах, цаашлаад энэ чиглэлийн тариалан эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бүрджээ.  


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнүүлж байгаа томоохон ажлын нэг нь Жимс, жимсгэнийн суулгац, үржүүлгийн төв болж байна хэмээн ХХААГ-аас мэдээлэв



Связанные новости