ӨВӨРХАНГАЙ: Шинэ Хархорумд өнөөдрийн байдлаар 530 мянган мод тариад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд
Хархорум хотын 1580 га талбайд нэг сая мод тарих ажил өрнөж байна.
Өнөөдөр 15597 мод тарьж, нийт дүнгээр 530840 навчит болон шилмүүст мод суулгаад байгаа юм. Мөн 55.7 км хашаа барьж, 50 худаг гарган 10 тоннын усны савуудыг байршуулжээ. Мод тарих ажлыг уул уурхайн компаниудад хариуцуулж, төсөв хөрөнгийг ч тус аж ахуйн нэгжүүд гаргаж байна.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗХЖШ, аймгийн ЗДТГ, төрийн болон хувийн өмчит компаниуд, орон нутгийн иргэдээс бүрдсэн 1500 гаруй хүн гар бие оролцож байгаа юм.
Хархорум хотод ойн зурвас байгуулах бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөний дагуу энд нэг сая мод тарихаас гадна цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 180 машины авто зогсоол барих, Хэлтгий цагаан нуурыг нөхөн сэргээх, археологийн олдворыг хамгаалах, Орхон голыг сэргээх зэрэг томоохон ажлууд хийх юм.