СҮХБААТАР: Уурхайн орчимдоо мод үржүүлгийн талбай байгуулж, 21 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-16 10:58:58

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Бүдүүн ухаа уурхайн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний үүргийн хүрээнд уурхайн бүсдээ найман төрлийн 5000 мод, мөн уурхайн бүсээс 5 км зайд 18 га талбайг мод үржүүлгийн талбай байгуулж, таван төрлийн 21 мянган модны суулгацыг шинээр тарьжээ.



Ингэхдээ уурхайн ашиглалтын явцад гарсан гүний шүүрлийн усыг байгальд ээлтэй, үр дүнтэй ашиглах зорилгоор мод үржүүлгийн талбайдаа хөв цөөрөм байгуулж усаа хуримтлуулан, цөөрмөө тогтмол устай байлгахын зэрэгцээ тарьсан моддоо усалдаг болжээ. Өөрөөр хэлбэл уурхайгаас гарсан усаа дахин ашиглах технологийг жишиг байдлаар нэвтрүүлсэн нь энэ юм.  


Манай мод үржүүлгийн 18 га талбайд хайлаас, улиас, бургас, гүйлс, буйлс зэрэг 21 мянган ширхэг модны суулгац бий. Энэ төрлийн модыг сонгосон шалтгаан нь талбайд болоод орон нутгийн хөрсөнд ургахад хамгийн тохиромжтой гэж үзсэн. Эндээс үрсэлсэн суулгацаа бид нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэддээ үнэ төлбөргүй нийлүүлэх зорилготой гэж уурхайн дарга О.Ганбаяр хэллээ.  


"Хунт өгөөж" компанийн Бүдүүн ухаа уурхай нь Мөнхаан сумын Баян тэрэм багийн нутагт 2017 оноос хойш далд уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт ажилчдын 80 хувь нь орон нутгийн иргэд бөгөөд тус хамт олон аймаг, сум, багтай байгуулсан гэрээний хүрээнд олон төрлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийсэн жишиг уурхай юм байна. 

Связанные новости