"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 26.1 сая мод тарьж, 62.6 сая тарьц суулгацын нөөц бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-06 14:01:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьц суулгацын нөөцийг 4-5 дахин өсгөсөн хэмээн БОАЖЯ-наас өнөөдөр мэдээллээ.


Энэхүү үйл ажиллагааны эцсийн үр дүнг гаргах мониторингийн ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хийж байна. Мод үржүүлгийн газрууд дахь тарьц, суулгацын тооллого саяхан дуусаж дүнгээ гаргажээ.


Улсын хэмжээнд мод үржүүлгийн 440 орчим газарт 62.6 сая тарьц суулгацын нөөц бүрдээд буйг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг мэдээлэв. Үүнийг “Тэрбум мод” хөдөлгөөнийг зарлан хэрэгжүүлснээс хойших хугацаагаар тооцон авч үзэхэд мод тарьц суулгацын нөөц 4-5 дахин нэмэгдээд байна.


Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн ахлах мэргэжилтэн Б.Ганзориг:

-“Тэрбум мод” хөдөлгөөний бүртгэлийн сангийн тооллогоор хөдөлгөөний хүрээнд энэ оны 10 дугаар сарын 5-ны байдлаар 26.1 сая мод тариад байна. Мод тарих нь байнга үргэлжилж байдаг, динамик хөдөлгөөнтэй үйл явц. Мөн мод тарих хугацаа дуусаагүй байгаа учир нэгдсэн дүн оны сүүлчээр гарна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлэх зарлиг гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газар 2021 оны 350 дугаар тогтоолоор хэрэгжүүлэх арга хэмжээг баталсан юм.


-Мод үржүүлгийн газрууд хэдээр нэмэгдэв? Хөрөнгө оруулалтыг хаанаас гаргаж байна вэ?

-Үржүүлгийн газрыг олон хэлбэрээр, олон төрлийн хөрөнгө оруулалтаар байгуулж байна. Жишээ нь, Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд 5 аймагт, 1-2 сая мод тарих хүчин чадалтай мод үржүүлгийн газрууд байгуулж дуусаад хүлээлгэн өгч байна. Мөн “Оюутолгой” компаниас хэрэгжүүлж буй 100 сая мод тарих төслийн хүрээнд Өмнөговь аймгийн 3 сум дундын ангид мод үржүүлгийн газрыг шинээр байгуулаад байна. Түүнчлэн БНСУ ахлан ажилладаг Азийн хамтын ажиллагааны ойн нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн хоёр ч суманд мөн 2 сая тарьц суулгах хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулах төслийг эхлүүлж бэлтгэл ажлыг хангаад байна.


Төрөл бүрийн мод үржүүлгийн газруудад тарьц суулгацын нөөц бүрдүүлэх, техник тоног төхөөрөмжөөр хангаж нийлүүлэх, газрын зөвшөөрлийг шийдэж олгох, татварын хөнгөлөлт үзүүлэхэд төр, засгаас анхаарч дэмжин ажиллаж байна.


Засгийн газраас УИХ-ын намрын чуулганд Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан шинэчилсэн найруулгыг өргөн барина.


-Хөдөлгөөний хүрээнд 26.1 сая мод тарихад хэдий хэмжээний хөрөнгө, санхүүжилт зарцуулаад байна вэ?

-“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд төр, засгаас гаргасан зарлиг, тогтоолоор ДНБ-ний 1 хүртэлх хувийн хөрөнгийн зарцуулалтыг уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд “Тэрбум мод” хөдөлгөөний үйл ажиллагаанд зарцуулна гэсэн үүрэг чиглэлийг анхнаасаа өгсөн. Үүний дагуу зардал мөнгө нь тооцогдоод явж байгаа. Гэхдээ энэ нь дан ганц улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажил биш. Энд мод тарих амлалт авсан томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, ялангуяа уул уурхайн 22 компани, банк, санхүүгийн байгууллагуудын болон тухайн аймаг, орон нутгийн өөрсдөө тарьж ургуулна гэсэн хөрөнгө мөнгөний зарцуулалт, санхүүжилт орж байгаа. Нийт зарцуулсан хөрөнгийн дүн тооцоог хараахан гаргаагүй байна.


-Хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд хэчнээн хүн ажиллаж ирэв. Ялангуяа мэргэжлийн хүмүүсийн оролцоо, хүчин чадал хэр байна. Сургагч багш нарыг бэлтгэх төлөвлөсөн ажил дууссан уу?

-Хөдөлгөөний хүрээнд 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгдэн 3200 хүн энэ салбарт байнгын ажлын байртай болсон. Хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш, мэргэжилтэнг бэлтгэн гаргана гэсэн хөтөлбөрийн хүрээнд нэг сумаас 2-3 хүнээр тооцон нийт 1037 хүнийг төгсгөн гаргасан. Үүнээс 400 орчим хүнийг хээрийн дадлага сургуулилтад гаргасан. Эдгээр хүмүүс аймаг, сум, орон нутагтаа “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлыг зохион байгуулж, зааварлаж зөвлөөд ажиллаж байгаа. Хээрийн дадлага сургуулилтыг үргэлжлүүлэн хийж байгаа.


Мод тарих үндэсний өдөр болон “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд, нийслэлд төвлөрүүлсөн 8 байршилд мод тарьж байгаа нь арчилгааг хариуцах эзэнтэй болгож, харж хамгаалах зорилготой аж. Энэхүү жишгийг аймаг, орон нутагт, улсын хэмжээнд нэвтрүүлэх юм байна.

Связанные новости