Ши Жиньпин “G20”-ийн уулзалтад оролцохгүй болсонд Ж.Байден сэтгэл дундуур байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /BBC/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэг улсад болох гэж буй “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтыг алгасахаар шийдвэрлэсэнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Шинэ Дели хотноо энэ долоо хоногт болох дээд
хэмжээний уулзалтад улс орноо төлөөлөн оролцох төлөвтэй байна гэж “Reuters”
агентлаг өмнө нь мэдээлсэн билээ.
“Би хувьдаа
сэтгэл дундуур байна... гэхдээ түүнтэй уулзах болно” гэж Ж.Байден ням
гарагт сэтгүүлчдэд хэлсэн боловч уулзалт хэзээ болох талаар дурдсангүй. Хоёр орны
удирдагчид хамгийн сүүлд өнгөрсөн онд Индонезид болсон дээд хэмжээний уулзалтын
үеэр уулзсан юм.
Ши Жиньпин “Хорийн
бүлэг”-ийн уулзалтад оролцохоор Энэтхэгийн нийслэлийг зорино гэж урьд нь
мэдэгдэж байсан боловч Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн пүрэв гарагт болсон
ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тодорхой зүйл дурдаагүй байна.
Жил тутмын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл бүхий нэрээ нууцалсан эх сурвалжуудыг эш татан олон улсын хэвлэлүүдэд мэдээлснээр, Ши Жиньпин энэ жилийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөгөөгүй ажээ.
Хятад, Энэтхэгийн харилцаа таагүй байгаа үед дээрх мэдээ цацагдлаа. Тухайлбал, хоёр орон Хималайн бүс нутаг дахь маргаантай бүсийн асуудлаар сөргөлдөж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт гэхэд, Аруначал-Прадеш муж болон Аксай Чин өндөрлөгийг Хятадын нутаг дэвсгэрт хамааруулан дүрсэлсэн газрын зургийг хэвлэсний дараа Энэтхэг улс эсэргүүцлээ илэрхийлжээ.
Ши Жиньпин,
Ж.Байден нарын хувьд ирэх 11 дүгээр сард Сан-Франциско хотноо болох Ази, Номхон
далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ гишүүн орнуудын удирдагчдын
уулзалтын үеэр уулзах боломжтой хэвээр байна.
АНУ-Хятадын харилцаа өнгөрсөн онд улам муудсан үед Ши Жиньпин “Хорийн бүлэг”-ийн уулзалтыг алгасахаар болоод байна. Хоёр удирдагч өнгөрсөн 11 дүгээр сард Бали арал дээр уулзсанаас хойш хоёр сар орчмын дараа Хятадын тагнуулын гэгдэх агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниссэн нь хоёр талын харилцаа сэргэнэ гэх найдлагыг бүдэгрүүлжээ.
Шинжаан, Хонконг дахь хүний эрхийн асуудал, Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэртэй холбоотой мэдэгдэл зэрэг олон асуудлаар хоёр улс санал зөрөлдөж байна. Улмаар харилцаагаа сайжруулахын тулд сүүлийн саруудад АНУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтан Хятадад айлчилсан юм. Тэдний дотор Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Сангийн сайд Жанет Йеллен, АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Жон Керри нар байлаа.
Үүний зэрэгцээ, Ши Жиньпин Бээжинг хөгжиж буй дэлхий ертөнцийн манлайлагч хэмээн харуулж, Вашингтоны тэргүүлдэг дэлхийн дэг журмаас өөр хувилбар бий болгохыг дэмжсээр байна. Тэрбээр өнгөрсөн сард ӨАБНУ-д айлчилж, БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчидтай уулзахдаа барууны “ноёрхлыг” шүүмжилж, хөгжиж буй орнуудыг “колоничлолын дөнгөнөөс салахыг” уриалжээ.
БРИКС нь Бразил,
Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн
хөгжиж буй таван орны
бүлэг билээ. Харин ирэх нэгдүгээр сард Аргентин,
Египет, Иран, Этиоп, Саудын Араб,
АНЭУ гэсэн зургаан улс түүнд шинээр нэгдэх гэж байгаа нь Бээжингийн хувьд дипломат
ялалт хэмээн шинжээчид дүгнэж байна.