MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

С.Лекорню засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-13 14:02:04

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 13 /Politico/. Францын Ерөнхий сайд Себастьен Лекорню дахин томилогдсоноосоо хойш хоёрхон хоногийн дараа буюу ням гаргийн орой дараагийн засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулжээ.  


Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд төрийн албан хаагчид, улстөрчдөөс гадна өнгөрсөн долоо хоногт С.Лекорнюгийн танилцуулсан өмнөх бүрэлдэхүүнд байсан зарим хүн багтсан байна. Өмнөх засаг захиргааны бүрэлдэхүүн сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлснээр өдгөө 39 настай Ерөнхий сайд ердөө 14 цагийн дараа огцрох хүсэлтээ өгч, Францыг улс төрийн хямралд оруулаад байлаа.


Хууль зүйн сайд Жеральд Дарманен, Төсвийн сайд Амели де Моншален, Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро нар албан тушаалдаа хэвээр үлдсэн бөгөөд тэд бол энэ оны эхнээс үүрэг ажилдаа орсон төвч үзэлтнүүд юм. С.Лекорнюгийн өмнөх засгийн газарт Эдийн засаг, сангийн сайдаар томилогдоод байсан Ролан Лекюр мөн албан тушаалдаа хэвээр үлдэнэ. Р.Лекюр нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын хүн юм.


Санхүүгийн зах зээл болон олон улсын байгууллагуудыг түгшээж буй Францын төсвийн зардлын их хэмжээний алдагдлыг бууруулахын зэрэгцээ ирэх оны төсвийг батлах хэцүү даалгавар Р.Лекюрт ногдож байна. С.Лекорню ирэх даваа гарагт ирэх оны төсвийн төлөвлөгөөгөө танилцуулж, ойрын өдрүүдэд Францын парламентад үг хэлэхдээ бодлогын тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох төлөвтэй байна.


Батлан хамгаалахын шинэ сайдаар Ерөнхий сайд асан Франсуа Байругийн үед Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайдыг албыг хашиж байсан консерватив үзэлт Катрин Вотрин ажиллахаар болжээ. Мөн консерватив үзэлт Энни Женевард, Рачида Дати нар Хөдөө аж ахуй, Соёлын сайдын албан тушаалд хэвээр үлдэнэ. Р.Датигийн хувьд ирэх оны Парис хотын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Тэд засгийн газрын бүрэлдэхүүнд орсноор консерватив “Les Républicains” бүлэгт харьяалагдахаа больсон гэсэн үг гэж намаас ням гаргийн орой мэдэгджээ. Мэдэгдэлд тус намын удирдлага өнгөрсөн баасан гарагт Францын дараагийн засгийн газарт оролцохын эсрэг санал өгсөн гэдгийг дурдсан байна.


Парисын цагдаагийн газрын дарга Лоран Нуньес Дотоод хэргийн сайдаар ажиллах бөгөөд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд багтаагүй консерватив удирдагч Бруно Ретайлло өмнө нь уг албан тушалд томилогдоод байлаа. Харин Францын SNCF төрийн өмчит төмөр замын компанийн тэргүүн асан Жан-Пьер Фаранду Хөдөлмөрийн сайдаар ажиллах ажээ.


“Оны эцсээс өмнө Францын төсвийг боловсруулах тодорхой зорилго бүхий засгийн газар томилогдсон. Хувийн болон намын эрх ашгийг хойш тавьж, энэхүү засгийн газарт өөрсдийн хувь нэмрийг оруулж буй эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд талархал илэрхийлье. Ганцхан чухал зүйл бий, энэ бол улс орны эрх ашиг” гэж С.Лекорню X хуудсандаа бичжээ.


Шинэ Засгийн газар хэр удаан оршин тогтнох нь олны анхаарлыг татаж байна. Хэт барууны үзэлт “National Rally” болон хэт зүүний үзэл баримтлалтай “Frans Unbowed” намууд засгийн газрын эсрэг санал өгөхөө хэдийн тодорхой мэдэгдээд байна. Тэд хамтдаа Францын парламентын доод танхим болох Үндэсний ассамблейн суудлын гуравны нэгээс илүү хувийг эзэлж байгаа юм.

 


Связанные новости