БНХАУ-ын Гадаад хэргийн сайдыг шинээр томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-07-25 20:08:35

БЭЭЖИН. /Xinhuа/. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо өнөөдөр буюу мягмар гарагт Хятадын  Гадаад хэргийн сайд Чин Ганыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж "Xinhua" агентлаг  мэдээллээ.


Тус агентлагийн мэдээлснээр, энэ албан тушаалд Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга, Улс төрийн товчооны гишүүн Ван И дахин томилогдсон байна. 


Бээжингийн Ардын их хурлын ордонд болсон БХАТИХ-ын 14 дэх сонгуулийн Байнгын хорооны дөрөвдүгээр чуулганаас ийм шийдвэр гарчээ.


Ван И 2013 оны гуравдугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан юм. 2022 оны 12 дугаар сарын 30-нд Чин Ган түүний оронд энэ албан тушаалд томилогдсон бөгөөд Ван И 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ХКН-ын Төв хорооны гадаад хэрэг эрхэлсэн хорооны тамгын газрын дарга болсон байна. 


"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, Чин Ган зургаадугаар сарын 25-нд Орос, Вьетнам, Шри-Ланка улсын албаны хүмүүстэй уулзсанаас хойш олны өмнө гараагүй юм. 

Связанные новости