Украиныг сэргээн босгох асуудлаар олон улс хуралдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /urc-international/. Украиныг сэргээн босгох асуудлаарх олон улсын бага
хурал Их Британийн нийслэлд өнөөдөр эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурлын зорилго нь "Украины эдийн засаг, нийгмийг тогтворжуулах, дайны үр дагаврыг арилгахад олон улсын дэмжлэг үзүүлэх" явдал юм.
Уг бага хуралд Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нар оролцоно. Их Британийн засгийн газрын мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцох төлөвтэй байна.
Улс орнуудын төрийн тэргүүн, сайд нараас гадна, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид болон бизнесийн хэдэн зуун төлөөлөгч оролцох аж.
Энэхүү бага хурлыг зохион байгуулагч орны удирдагчийн хувьд Р.Сунак үг хэлж, хөрөнгө оруулалт, инновацаар дамжуулан Украиныг сэргээн босгох үйл явцыг түргэтгэх талаар уриалга гаргана. Тэрбээр мөн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт хандан Киевт урт хугацааны дэмжлэг үзүүлэхийг уриална.