Украины арми долоон сууринг чөлөөлснөө мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /NHK/. Украины цэргүүд улсынхаа зүүн болон өмнөд хэсэгт нийт долоон сууринг чөлөөлөөд байна гэж тус улсын Батлан хамгаалахын яам мэдээлжээ.
Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиарын олон нийтийн сүлжээнүүдэд мэдээлснээр, Украины тал Оросын цэргүүдээс 90 орчим хавтгай дөрвөлжин км-тэй тэнцэх хэмжээний газар нутгийг буцаан авчээ. Тодруулбал, Донецк мужийн баруун хэсэгт орших Макаривка, Запорожье мужийн баруун нутгийн Новодаривка зэрэг сууринг чөлөөлсөн байна.
Украины тал мөн цэргүүдээ Бахмут хотын Донецкийн бэхлэлтийн эргэн тойронд давшиж байгаа талаар мэдээлээд, зарим газар нутгийг эргүүлэн авсан гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард ОХУ тус хотыг хяналтдаа оруулснаа зарлаад байсан юм.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт хэлсэн үгэндээ сөрөх довтолгоо нь амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, “Манай цэргүүдийн эрч хүч үр дүнгээ өгсөөр байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Харин Оросын Батлан хамгаалах яам цэргүүд нь янз бүрийн байрлалд Украины цэргүүдийг хориглон тулалдаж байна гэж мэдээлжээ. Түүнчлэн Макаривкад тулалдаан үргэлжилсээр байгаа тухай мэдээлэл Орост цацагдаж байна.
Үүнээс гадна, Украины агаарын цэргийн хүчин мягмар гарагт мэдээлэхдээ, Орос 14 далавчит пуужин ашиглан дайралт
хийсэн гэжээ. Пуужинуудын нэг нь Украины зүүн нутгийн Кривой
Рог хотын орон сууцны барилгад туссан гэж мөн мэдээлсэн байна. Кривой Рог нь
В.Зеленскийн төрөлх хот аж.
Украины эрх баригчдын мэдээлснээр, уг дайралтын үеэр зургаан хүн амиа алдаж, 25 хүн шархадсан байна.